”Номин”-гийн босс Ш.Баярсайхан Төрийн тусгай хамгаалалттай газрын “Их тэнгэр” цогцолборын 24-р байрнаас хөөгдөхдөө “АТГ-аар айлгаан аймшигт он жилүүд ирлээ” хэмээн Туулын бургасаар нэг орилж хашгирсан. Өнгөрсөн оны 3-р сарын 20-нд ТӨХ тогтоол гаргаж “Номин ходинг” компанид 24-р байрыг түрээслэх гэрээгээ цуцалсан. Ш.Баярсайхан нь Төрийн тусгай хамгаалалтын газрын хангалт, үйлчилгээний хэлтсийн дарга бөгөөд “Их тэнгэр” цогцолборын дарга М.Ганбаттулгатай 3 удаа (2004.06.10, 2004.06.18, 2004.06.23), Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Д.Чимэд-Юндэнтэй нэг удаа (2004.06.18) нийт 3 урьдчилсан уулзалт хийсний үр дүнд Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолбор болон “Номин холдинг”-ийн хооронд “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг түүнд байгаа хөдлөх хөрөнгүүд, 3,5 га газрын хамт түрээслүүлэхээр 2004 оны 7-р сарын 19-ний өдөр 15 жилийн хугацаатайгаар анхны гэрээ байгуулагджээ. Дараа нь 2006 оны 1-р сарын 25-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-гээр 18 жил буюу 2024 оны 2-рсарын 1-ний өдрийг хүртэл, 2007 оны 5-р сарын 10-ны өдрийн гэрээгээр 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 8 жилийн хугацаатай хоёр ч нэмэлт өөрчлөлт оруулан “айдаггүйгээ авдартаа” хийгээд байтал гэнэт өнөөх гэрээ нь цуцлагдсанд “аймшигт он жилүүд ирлээ” хэмээн бухимдсан аж. Ш.Баярсайхан нь манайх уг байранд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэжээ. Орчныг тохижуулж мод суулгаж гэр тэрэг, 15 машины "грааш" барьж 10 саяар хүүхдийн тоглоомын талбай хүртэл байгуулж. Төрийн тусгай хамгаалалтын газар төсөв мөнгө муутай гэсэн тул “Соёмбо” гэдэг гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компанийг оруулж. 2007 оноос эхлэн гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх замаар хөрөнгө оруулалтаа нөхөн ажиллаж эхэлсэн гэнэ. Харин энэ хугацаанд Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга солигдох болгонд албан бичиг хүргүүлж, хөрөнгийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг үнэ төлбөргүйгээр буцаан авах шаардлагуудыг тавьж байжээ. Ийм байдал үргэлжилсээр н.Болорсүх хурандаа 2010 оны 10 сард Төрийн тусгай хамгаалалтын газарт орж ирээд манай компанийг “байрнаасаа гар, та нар Төрийн тусгай хамгаалалтын газарт үйл ажиллагаа явуулах эрхгүй, байрыг хүлээлгэж өг” гэсэн хууль бус шаадлагыг тавьж байсан гэжээ. Тэр үед нь хөрөнгө оруулсан 1.2 тэрбумаа нэхээд гараагүй аж. Дараа нь н.Наранбаатар хурандаа мөн л ийм шахалт үзүүлж. Удалгүй хурандаа ТӨХ-д бичиг явуулж “...Монгол улсад айлчлан ирсэн төрийн дээд албан тушаалтнуудыг байлгах орон байр байдаггүй учраас Төрийн өмчийн 24 дүгээр байрыг буцаан авч өгөх ажиллагаанд хамтран ажиллаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ. ТӨХ “Номин холдинг”-той байгуулсан гэрээг цуцлахдаа Авлигатай тэмцэх газрын 2013 оны 06/9650 тоот албан бичигт Үндэслэсэн гэжээ. Уг албн тоотод “тухайн гэрээг хууль журмын дагуу хийгдээгүй, гэрээ хийсэн албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашигласан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна” гэдэг байж. Бүр тодруулбал “...Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолборын захирал асан М.Ганбаттулга,Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга асан Ц.Уугангэрэл, Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн М.Ганхуяг нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан” анхнаасаа "Номин холдинг"-д давуу байдал үүсгэж хийсэн нь харагдаж байна” гэсэн байжээ. Ш.Баярсайханы “АТГ-аар айлгасан…” гээд байсан нь энэ бичгийг хэлж. Үнэндээ гэрээний 1.8-д заагдсан хөрөнгө оруулалтын үнийг нөхөн олгож, учирсан хохирлыг нь барагдуулна гэх мэт өөрсдийн ашигласан цэвэр, бохир ус, дулааны төлбөрийг төрийн байгууллагаар төлүүлэхээр тусгасан байжээ. Улмаар Засгийн газрын 1995 оны 127 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтад авагдсан "Их тэнгэр"-ийн амны төрийн тусгай хамгаалалтын бүсэд хувийн хэвшлийн байгууллага, гадаад дотоодын иргэнийг байнга чөлөөтэй нэвтэрч байх боломжийг олгосон аж. Гадаад дотоодын иргэн гэдэг нь 24-р байрыг “Номин холдинг”-оос түрээслэдэг 17 айлыг хэлжээ. Төрийн тусгай хамгаалалтын газар нь “...Төрийн өмчийн хороонд жилдээ 100 сая орчим төгрөг төлдөг, тэрнээсээ урсгал зардалд ус дулаан зэрэгт 30 сая орчим төгрөг зарцуулагдаад, үлдсэн 70 сая орчим төгрөг нь улсад ордог. Улсад төлдөг мөнгөө 2 айлын жилийн түрээсийн мөнгөөр л олчихдог. Үлдсэн 15 айлын түрээс цэвэр ашиг болдог. Ингээд тооцоод үзэхээр 1.2 тэрбум төгрөгийг маш богино хугацаанд олчихсон...нэхэмжлэгчээс дамжуулж түрээслэсэн гэрээнд 240 м.кв байрыг... төгрөгөөр үнэлж байгаа. Бодоод үзэхээр ...түрээсэлж авчихаад түүнийгээ...дамжуулан түрээсэлж байгаа. Энэ нь төсвийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа бус үнэгүйдүүлж байна... ” гэж “Номин холдинг”-ийг буруутгажээ.