
Хоёр жилийн өмнө Дубайн шейх Мохаммед бин Рашид аль-Мактумагийн зургаадахь хатан болох Иорданы гүнж Хайя бинт аль-Хусейн хоёр хүүхдээ дагуулан Англи зугтаж ирсэн шуугиан дэгдэж байсан. Гүнжтэн 2004 онд 30 настайдаа Дубайн шейхийн зургаадахь хатан болжээ. Тэрээр нөхөрдөө хоёр хүүхэд төрүүлж өгсөн. 2016 онд Английн Уэльсийн гүнжийн цэргийн хороонд алба хаасан 33 настай Рассел Флауэрс шейхийн зургаадахь хатны хамгаалалтын албанд ажилд орсон байна. Тэр дороо л хатан бие хамгаалагч хоёрын дунд учир ургасан гэнэ. Бараг л анхны харцаар бие биедээ дурласан аж. Хатантан шууд л англи бие хамгаалагчаа үнэт бэлэгт сэлтээр дарж эхэлжээ. 12 мянган фунтын цаг, 50 мянган фунтын үнэтэй үнэт чимэглэлтэй гоёлын ангийн буу зэргийг бэлэглэжээ. Бууны чимэглэлд Флауэрсийн удмын сүлдийг сийлсэн байсан. Хатантан бие хамгаалагч нарын нууц амрагийн явдал хоёр жил оволзсон. Энэ хугацаанд бие хамгаалагч хатантанаас 1,2 сая фунтын илүү цалин аваад байсан. Тэдний явдлыг Дубайн Шейхийн хамгаалалтын албаны гурван ч ажилтан гадарладаг байсан тул хатантан амыг нь таглах гэж тус бүрд нь мөнгөн шагнал өгчээ. Дубайн Шейх зургаадахь эхнэр нь өөрийг нь араар тавьж байгааг огт мэдээгүй бол англи бие хамгаалагчийн эхнэр дорхноо сэжиг авчээ. 2017 он гараад тэрээр араб хатан нөхөрт нь зургуудаа тэр тусмаа хагас нүцгэн байдалтай авахуулсан зургуудаа явуулдаг болохыг мэджээ. Нөхөр нь ч гадаад байдалдаа гэнэт ихэд анхаарах болж фитнессийн хувийн дасгалжуулагч хүртэл хөлсөлсөн. Хамгийн сүүлд нөхрийнхөө цүнхнээс бэлгэвч олоод бүгдийг яг таг мэджээ. Тэр оныхоо зун Флауэрсийн эхнэр салах өргөдлөө гаргасан. Гэр бүл салах шүүх хурлын үед нөхрийх нь санхүүгээс олон сонирхолтой баримт илэрсэн агаад бие хамгаалагч Дубайн Шейхийн хатанд зориулан 16 мянган фунт зарцуулсан нь тогтоогджээ. Бүр маш үнэтэй Louboutin туфль хүртэл худалдан авч бэлэглэсэн гэнэ. Эцэст нь Дубайн Шейх сая л нэг юм зургаадахь хатныхаа нууц амрагийн явдлыг олж мэджээ. Хааны гэр бүлийн гишүүний хувьд эр нөхөрдөө үнэнч байгаагүйн тулөө хатуу шийтгүүлэхээ мэдсэн зургаадахь хатан хоёр хүүхдээ дагуулан Англи руу нууцаар зугтаж гарсан. Үүнд бие хамгаалагч нууц амраг нь тусалжээ. Лондонд очоод шэйх нөхрөө олон жилийн турш сэтгэлзүйн хувьд дарамталж зовоож байсан хэмээн нөхөн төлбөр нэхэж Британий Дээд шүүхэд зарга мэдүүлсэн. Английн шүүх ч зугтсан хатны талд шийдвэр гаргажээ. Өдгөө экс зургаадахь хатан хоёр хүүхдийн хамт Лондонгоос холгүй орших 85 сая фунт буюу 110 гаруй сая долларын үнэтэй эдлэнд тансаг амьдарч байна. Тэрээр англи бие хамгаалагчтайгаа янаг амрагийн явдал үүсгээд Дубйан Шейхийн уур хилэнгээс айж зугтаж ирсэнээ хүлээдэггүй. Харин ч шэйх нөхөр нь 12 настай охин Жалилийг Саудын Арабийн өв залгамжлах ханхүү нарын нэг 30-тай Мохаммед бен Салмантай суулгах гэснээс болж оргож ирсэн гэдэг. Өдгөө тэрээр Английн дээдэс-язгууртнуудын зиндаанд орж сүүлийн үед Арабийн ертөнцийн эмэгтэйчүүдийн хүнд бэрх амьдрал, хүйсийн ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэх болжээ.



