
Зепеллин L19 бол 1916 оны 1-р сарын 31-нд Английн Ливерпуль хотыг бөмбөгдсөн Германы 10 дирижаблын нэг юм. Маргааш нь буюу 2-р сарын 1-нд дирижаблийн ахмад Одо Лёве Хойд тэнгис дээгүүр нисэж явахдаа гурван хөдөлгүүр нь доголдож мөн цаг агаар муудаж байгаа тухай сүүлийн мэдээ илгээгээд холбоо тасарсан. L19 Амеланд арлын хажуугаар өнгөрөхдөө Холландын цэргүүдэд буудуулж гэмтэн жолоодлогоо алдаж улмаар хүчтэй салхинд хойд зүг рүү туугджээ. Тэр өдрийнхөө шөнө тэнгисд унаж энэ үеэр багийн 18 гишүүний 2 нь үхжээ. Дирижабль живээгүй тул үлдсэн хэсэг дээр нь гарсан. Гэхдээ хэзээ мөдгүй живэх нь тодорхой болжээ. Тэд гэрэлт сумаар буудсаар ойрхон явсан Английн загас агнуурын King Stephen хөлөг анзаарчээ. Энэ жижигхэн хөлөг 10 хүнтэй явсан. Хөлгийн ахмад Шкипер Уильям Мартин үүр цайх үед живж байгаа L19-д дөхөж очжээ. Герман ахмад аврахыг гуйхад тэр татгалзжээ. Цөхрөнгөө барсан германчууд их хэмжээний мөнгөн шагнал амлаж сүүлдээ бараг уйлах шахан гуйж орилж хашгирсан ч Шкипер Уильям Мартин хөдөлсөнгүй тэднийг хаяж явсан. Боомтонд буцаж очсон хойноо дайсны дирижаблийн тухай мэдээллийг цэргийнхэнд өгчээ. Гэхдээ байрлалыг нь буруу хэлж өгсөн тул хайгуулийн хөлөг онгоц ололгүй иржээ. King Stephen хаяж явсаны дараа цаг агаар огцом муудаж L19 хурдан живж эхэлсэн. Зургаан сарын дараа Шведийн далайчид нэгэн лонх олсон нь хөлгийн ахмад Одо Лёвегийн сүүлчийн илтгэл, Английн хөлөг онгоц хаяж явсан болон багийн гишүүдийн гэр бүлдээ бичсэн сүүлчийн захидал зэрэг гарч иржээ. Энэ тухай сонинд нийтлэгдсэнээр хэрэг явдлын шуугиан Англид ч хүрчээ. Шкипер Уильям Мартин германчууд олон тоотой, мөн зэвсэглэсэн байсан тул хөлөг дээр нь гарангуутаа өөрсдийг хөнөөнө гэж айсан хэмээн мэлзсэн. Түүнээс гадна дирижаблийн байрлалын солбицолыг зөв өгсөн гэж зүтгэсээр байв. Энэ хэргийн учир олон жилийн дараа 1960 оны үед судлаачид архив ухах үед тайлагджээ. King Stephen хөлгийн аялалын журналыг судлаад ахмад Шкипер Уильям Мартин живж байгаа L19-ийн байрлалийг зориуд худал мэдээлсэн болохыг тогтоожээ. Тэр үед багийн гурван ч гишүүн амьд сэрүүн байсан. Судлаачид тэдэнтэй уулзаж нэлээд шахсаны эцэст хэдий дайсан ч гэсэн золгүй хүмүүсийг зайлшгүй үхэлд хаян явсаны шалтгааныг хэлүүлж чаджээ. Тухайн үед Германы дирижабль нь Английн дайны цагийн хуулиар Хойд тэнгисийн загас агнахыг хориглосон бүсэд унажээ. Загасаар баялаг тус газраас зөвхөн цэрэг-армийн хэрэгцээнд, тусгай зөвшөөрлөөр агнах ёстой байв. Харин King Stephen хориотой бүсэд хулгайн агнуур хийж явсан. Ингээд баригдаж торгуульж дээр нь хөлгөө хураалгаж ч магадгүй тул шийтгэлээс эмээсэн ахмад Шкипер Уильям Мартин германчуудыг хаяхыг тушааж мөн боомтод ирсэн хойноо байрлалыг нь зориуд буруу мэдээлжээ.
