2003 онд Дрю Бэрримор, Кэмерон Диаз, Люси Ли нарын тоглосон “Чарлийн сахиусан тэнгэрүүд” кино дэлгэцэнд гарсан эхний долоо хоногтоо 40 сая долларын ашиг олсон. Гурван жилийн дараа гарсан хоёрдахь хэсэг нь эхний долоо хоногтоо 37 сая доллар олж байжээ. Тэгвэл Элизабет Бэнкс найруулж, гол дүрд нь Кристен Стюарт, Наоми Скотт, Элла Балинска нарын тоглосон “Чарлийн сахиусан тэнгэрүүд” шинэ кино эхний долоо хоногтоо Америкаас наймхан сая доллар цуглуулжээ. Энэ нь төлөвлөж байснаас даруй хоёр дахин бага ашиг аж. Европ, Ази, Латин Америкийн орнуудаас нийтдээ 28 сая доллар орж ирсэн. Гэтэл уг кино нь 50 сая долларын өртөгөөр бүтсэн тул зардлаа л арайхийн нөхөх гутрангуй төсөөлөл бий болоод байна. Энэ тухайд найруулагч нь эрчүүдийг буруутгажээ. Шалтгаан нь бүр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй ч байж магадгүй болжээ. Киног нь бага үзэж байгаагийн шалтгаан нь хүмүүс, ялангуяа эрчүүд эмэгтэй-супер баатрыг үзэх хүсэлгүй байдгаас болсон гэнэ.
-Хүмүүс уг нь манай кино үзэх ёстой л баймаар юм. Тасалбар худалдаж авах ч учиртай. Хэрвээ та нар энэ киног үзэхгүй гэж байгаа бол эрчүүд эмэгтэй-супер баатартай кинонд дургүй гэдэг Холливудын хуучны яриаг л баталж байгаа хэрэг –
Гэхдээ бодит байдал өөр байгаа тухай кино шүүмжлэгчид ярьж байна. Үүнийг нийтдээ 820 сая долларын ашиг олсон “Гайхамшигт эмэгтэй” кино баталдаг. Харин Элизабет Бэнкс дээрх киног эрэгтэйрхүү маягтай хийгдсэн гэжээ.
-Эрэгтэйлиг маягаар хийгдсэн болохоор л хүмүүс “Гайхамшигт эмэгтэй”-г үзэж байгаа юм шүү дээ. Энэ киног олон хүн үзсэнд би баяртай байгаа. Ингэснээр цаашдаа баатарлаг эмэгтэйчүүдийн тухай кино хийхэд дэмжлэг түлхэц болох нь мэдээж-
Найруулагчийн хэлснээр сүүлийн 20 жилд эрэгтэй баатартай “Хүн аалз”-ын тухай 37 кино хийгдсэн байхад эмэгтэй-супер баатартай тулаант кино 1-2-хон л бүтээгдсэн гэнэ.