Олны дунд “оймс” хэмээн алдаршсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайханы хэргийн нэг оролцогч нь улсын байцаагч Ш.Тэгвандан юм. Тэрээр нөгөө нэг шүүгдэгч болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын экс дарга Э.Аззаяагийн газарт харьяалагддаг тул “оймс”-той тэр болгон харьцаад байдаггүй гэнэ. Гэхдээ нутгийн хүндээ “туслаж” нэлээн удаа харьцжээ. Байгаль орчны улсын байцаагч Ш.Тэгвандан нь Өвөрхангайнх. Түүнтэй “Бор банди Агро” компанийн захирал, алтан нутаг болох Ж.Саруул уулзаж урагшаа гаргах рапсдаа гэрчилгээ авахад туслахыг гуйжээ. Мөн өгөх юмыг нь өгнө гэв. Ингээд нутгийнхаа хүний төлөө Н.Баярсайханы даргын өрөө лүү орж учирлан гуйсан. Дарга материалыг үзэхээр болсонд Ш.Тэгвандан лавшруулж нэг вагонд 300 мянгыг өгнө хэмээн дуулгаад өвчээ. Дарга материалыг “судлахаар” авч үлдээд гурав хоногийн дараа “Бор банди Агро” компанийн гэрчилгээ гарчээ. Гэрчилгээ гармагц Ж.Саруул 2,1 сая төгрөг бэлнээр өгсөнийг даргын өрөөнд орж гарт нь атгуулсан байна. Үүний дараа тус компанийн гэрчилгээ “ногоон гэрэл”-ээр гарах болжээ. Хүсэлт орж ирмэгц даргатан шууд гар үсэг зурдаг. Бүр гарын үсэг зурсанаа өөрөө утсаар Ш.Тэгванданд хэлдэг болсон гэнэ. Тэр ч дор нь “Бор банди Агро” компанийн захиралд дуулгаж мөнгийг нь авч дамжуулдаг. Ийнхүү 24 вагоны мөнгө болох нийт 8,4 сая төгрөгийг дамжуулж өгсөн байна.