alim.mn | 2024.12.22
Хакүхо, Какүрюү нарт анхааруулга өглөө
Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл башё болгоны дараа хуралддаг уламжлалтай. Тус зөвлөл өчигдөр хуралдаж арваннэгдүгээр сарын башёг авч хэлэлцлээ. Ёкозүнагийн зөвлөл хоёр башё дараалан зодоглоогүй Хакүхо, Какүрюү нарт санал нэгтэй анхааруулга өгчээ.
 
Зөвлөлөөс аваргуудад энэ шийдвэрийг танилцуулахыг холбооны тэргүүн Хаккакүд даалгалаа. Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Есдүгээр сарын тэмцээний дараа манай зөвлөлийн гишүүдээс тэдэнд шийтгэл оноох санал гарч байсан. Аваргууд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж, анхааруулга өгөхөөр боллоо. Тэд жилд болдог бүх тэмцээний ихэнхэд нь барилдсангүй. Хэт их өнжиж байна.
 
Нэгдүгээр сард хоёр аваргыг харж, зодог тайлахыг сануулах эсэхээ шийднэ. Зодог тайл гэж хүчээр шахахгүй, эцсийн эцэст ёкозүна өөрөө л шийдэх эрхтэй. Гэхдээ бөх сонирхогчид аваргагүй башё уйтгартай, сонирхолгүй байна гэж хэлж байгааг тэд ойлгож, үүрэг, хариуцлагаа ухамсарлах ёстой. Ёкозүнагүй башё ийм олон байж таарахгүй. Нэгдүгээр сард амжилтгүй барилдах, эсвэл өнжвөл зодог тайлна гэсэн бодолтой байх хэрэгтэй” гэжээ.
 
Эх сурвалж:  "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ