Монгол, өвөрмонгол, хятад иргэдийн дунд гарсан энэ хэрэг найман жил үргэлжлэн шалгагдаад одоо л цэг тавигдах шатандаа оржээ. Шүүх хуулийхнийг ч их залхаасан. “Сэлэнгэ ноёд” компаний захирал Г.Буяндорж, Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компаний захирал Ч.Ууганбаяр, өвөрмонгол Хурцаа нар нь төмрийн хүдэр авахаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн хятад иргэн Шиан Дун Шэний хоёр сая долароос 1,2 саяыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан гэх хэрэг 2011 оноос шалгагдаж эхэлсэн. Хохирогч гэх хятад иргэнийг Монголд анх ирэхэд нь Хурцаа нь Буяндоржтой уулзуулжээ. Ингээд Дарханы төмөрлөгийн хүдрийн үйлдвэртэй төмрийн гэрээ хийхэд зуучлан ажиллах, зуучлалын хөлс өгөхөөр харилцан тохирчээ. Г.Буяндорж нь өвөрмонголтойгоо хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал П.Эрдэнэцогттой уулзаж төмрийн хүдэр худалдан авах гэрээ байгуулахаар урьдчилан ярьжээ. Дараа нь хятад иргэн өөрөө эхнэрийн хамт очиж нэг тонн хүдрийг 40 доллароор үнэлэн нийтдээ 100 мянган тоннын дөрвөн сая долларын өртөгтэй том гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах үед зуучлагч нар байлцсан гэнэ. Үүний дараа гэрээний нөхцлийн дагуу төмрийн хүдрийн үнээс хоёр сая долларыг нийлүүлэгчийн дансанд шилжүүлжээ. Энэ үед хятад иргэн болон зуучлагч нарын хооронд маргаан гарсан аж. Хятад иргэн хөлсөнд 500 мянган доллар өгнө гэхэд зуучлагч нэг сая гэжээ. Монгол зуучлагч нь нийлүүлэгчтэй төмрийн хүдрийн гэрээ байгуулсан дараа хөлсөө авна гэхэд хятад иргэн хүдэр ачуулсаны дараа л өгнө гэх мэтээр маргалдсан гэнэ. Зуучлагч хөлсөө урьдчилж өгөхгүй бол нэг ч тонн хүдэр ачигдахгүй гэсэн тул 60 мянган долларын урьдчилгаа өгсөн гэж хятад иргэн мэдүүлсэн. Энэ зуур нийлүүлэгчийн байдлаас шалтгаалаад гэрээт төмрийн хүдэр ачигдахгүй л байжээ. Хятад иргэн хүлээсээр залхаж нутаг буцахдаа орчуулагч Хурцаад компанийхаа тамгатай хоосон бланк албан бланк гурвыг үлдээсэн гэнэ. Зуучлагч нар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс хүдрээ хэдэнтээ нэхээд эцэст нь мөнгөө буцааж авахаар тохиролцжээ. Хүдрийн эзэн хятад иргэн Шиан Дун Шэн нь хоёр сая доллароос 1,2 саяыг нь авахыг монгол зуучлагчдаа зөвшөөрсөн болж таарчээ. Нийлүүлэгч ч гэрээгээ цуцлахыг зөвшөөрсөн байна. Ингээд өнөөх бланк дээр хүсэлт бичээд төмрийн хүдрийн үнэнд шилжүүлсэн мөнгөнөөсөө 1,2 сая долларыг “Скай тауэр Энхбуян” компаний дансаар буцааж авсан аж. Энэ компани нь Г.Буяндоржийн мэдлийyх гэнэ. Хэрэг явдлыг мэдсэн хятад иргэн Монголд ирэнгүүтээ цагдаад ханджээ. Ийнхүү найман жил үргэлжлэн шалгагдсан. Шиан Дун Шэн нь 1,2 сая доллар авах зөвшөөрөл өгөөгүй гэдэг ч үүнийгээ нотолж чаддаггүй. Мөрдөн байцаалтын явцад мөнгө авахыг зөвшөөрсөн албан бичгийн хуулбар гарч ирсэн ч хятад иргэн миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна гэжээ. Саяхан шүүх хурал болж хэргийг хэрэгсэхгүй болгоод монгол, өвөрмонгол холбогдогч нарыг цагаатгасан байна.