alim.mn | 2024.12.24
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу
Эрүүдэн шүүсэн хэргээр Төв аймгийн шүүхээс гурван жилийн ял авсан Тагнуулын дарга байсан Б.Хурц уржигдар суллагдлаа.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай 1203 тоот захирамж гаргажээ. Энэ захирамжаар Б.Хурц нарын долоон хүнийг сулласан байна.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарыг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тав хоног хуралдаж байж 2020 оны долдугаар сарын 22-нд 1-3 жилийн хорих ял оноосон.
Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1 дэх зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны аравдугаар сарын 29-нд  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.
Дээрх шийдвэр гарсны дараа хууль хяналтынхан болоод хуулийн мэргэжилт­нүүд “...Хурцын хэрэг цаашид хэрхэх вэ” гэдэг дээр таамаг анализ хийж байв. Энэ талаар “Зууны мэдээ” сонин одоогоос 20-оод хоногийн өмнө нийтэлж байлаа.
Хуульчдын харснаар,  Б.Хурц  нарыг дахин  шүүх гэсээр байтал Ардын хувьсгалын 100 жилийн ой болж, Өршөөлийн хуульд багтана. Мөн Б.Хурц удахгүй нэгэн дуулиан шуугианы үеэр таслан сэргийлэх арга хэмжээ нь өөрчлөгдөж суллагдана гэж байв.
 
 
 
Мөн Б.Хурцыг ялласан зүйлчлэл буруу, түүнийг “...Хариуцлага алдсан” гэх агуулга бүхий зүйлчлэлээр яллах ёстой байсан. Энэ алдааг засах гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болголоо гэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар энэ хэрэг дээр нэрээ гаргаж, хэзээ нэгэн цагт “...Б.Хурцыг хэлмэгдүүлсэн, эсвэл хууль буруу хэрэглэсэн” гэгдэх аюулд өртөхгүй байхын тулд ингэж шийдвэрлэсэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл, “арьсаа хамгаалсан” шийдвэр гаргалаа гэж байв.
 
 
 
 
Үүнээс гадна Б.Хурцыг 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллахдаа хамгийн доод хэмжээ болох гурван жилийн хорих ял оноосон. Ялыг чангалж, өмнө оноосноос хүндрүүлэх магадлалтай гэсэн байдаг.
Тэгвэл уржигдар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа Б.Хурц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх захирамж гаргаж сулласан нь хуульчдын таамгийн эхний хувилбараар явлаа. Тодруулбал, шүүгч Ю.Энхмаа нь эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгч болох Ц.Туяа, Г.Цолмонгэрэл, П.Ундрах-Эрдэнэ, Б.Энх-Эрдэнэ, Б.Мэргэн, Ц.Баярмаа, Ж.Батхуяг, Ц.Хүрэлбаатар нараас гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг хүлээн авсан байна.
Ингээд “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН-272 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарыг хоёр жилийн хугацаагаар, Э.Өлзийбаярыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн шийдвэрлэснийг 2020 оны аравдугаар сарын 29-ний МН-58 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн 1802005930070 дугаартай хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
...Хэргийг хянан шийд­вэрлэх ажиллагааны явцад шүүгчдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь, Г.Эрдэнэ­бат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нь өмнө нь таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын хувийн байдал, байнга оршин суух хаягтай мөн шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан гэх үндэслэл тогтоогдоогүй мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлэх тухай хүсэлтүүд үндэслэлтэй байх тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг цаашид цагдан хорих шаардлагагүй гэж шүүх үзэв.
 
Иймд Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, эрүүгийн хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа орчих шиг боллоо.
Энэхүү захирамжийг гаргасан шүүгч Юндэнгийн Энхмаа нь Б.Хурц нарыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, Ж.Батжаргал нартай хамт өнгөрсөн долдугаар сард шүүж байжээ. Тус шүүхэд олон жил ажиллаж байгаа юм байна.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
O.GANBAATAR
4 жилийн өмнө
66.181.161.38
Minii oilgosonoor Hurtsiig tsaash n yariulaad l baih baisan umaa ih ch um yarih baisaan odoo ch amaa uduulsen bizee aihtar tehnllogi tsaaguur n yabaad baih shigee!!
O.GANBAATAR
4 жилийн өмнө
66.181.161.38
Minii oilgosonoor Hurtsiig tsaash n yariulaad l baih baisan umaa ih ch um yarih baisaan odoo ch amaa uduulsen bizee aihtar tehnllogi tsaaguur n yabaad baih shigee!!
Сэргэлэн
4 жилийн өмнө
59.153.114.185
Хурц бол үүрэг өгснии дагуу ажиллагааг явуулж хүнииг тамлан хилсээр хэрэг хүлээлгэсэн учраас яах аргагүй ял эдлэи ёстой ‼️‼️‼️Харин прокурор бол мөрдөх эрхгүй цаасан дээр бичсэн хэргииг унших учраас яаж хэрэг хүлээлгэж байгааг мэдэхгүй иймд Г.Эрдэнэбат бол хуль зөрчөагүй учир суллагдах ёмтой
Зочин
4 жилийн өмнө
192.82.73.12
Хүрэлсүх нь Баттулгынхаа үгэнд орохгүй байгаа тул дарамтлуулах гэж Хурцыгаа гаргаж байгаа юм болов уу???
Төстэй мэдээ