Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгслөө. Аргентины Clarin сонины мэдээлж буйгаар алдарт хөлбөмбөгчин зүрхний шигдээсээр нас барсан хэмээн мэдээллээ.
Диего Марадона энэ сарын 2-нд Ла-Плат хотын Ипенса эмнэлэгт хэвтсэн юм. Түүнд тархины цус хуралт гэсэн онош тавьж хагалгаа хийжээ. Тэрбээр 11 дүгээр сарын 12-нд эмнэлгээс гарч гэрийн асаргаанд байсан юм. Үхлийн шалтгаан нь түүний даралт унасны улмаас зүрхний шигдээс болсон гэж эмч нар хэлжээ.
Домогт хөлбөмбөгчин таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч тус улсад гурван хоногийн гашуудал зарлав.
Диего Марадона 1960 оны аравдугаар сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос-Айрэс хотын ядуусын дүүрэгт Католик шашинтай айлд мэндэлсэн юм. Түүний хүүхэд нас туйлын тарчиг өнгөрсөн гэдэг. Диего Марадона найман наснаасаа хүүхдийн клубүүдэд тоглож эхэлсэн бөгөөд 12 наснаасаа эхлэн мэргэжилтнүүдийн хараанд өртөх болж, бяцхан шидтэн гэгдэх болжээ. Тэрээр 16 нас хүрэхээсээ яг арван хоногийн өмнө анхны мэргэжлийн тоглолтоо Аргентинос Жуниорс багийн өмсгөлтэй хийж байсан юм. Тэрээр Аргентиний "Аргентинос Жуниорс", "Бока Хуниорс", "Ньюелл" клубын "Old Boys", Испанийн "Барселона", "Севилья", "Наполи" (Итали) клубуудад тоглож байсан. 1986 онд Аргентины шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж байв.