2019 онд өмнөговьчууд наадмаа Батмөнх даян хааны мэндэлсний 555 жилийн ойтой хамтатган хийсэн. Энэ үеэр Даян хааны түүхэн гавьяаг олон нийтэд сурталчлах, ирээдүй хойчдоо эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, түүний түүхэн гавьяаг дуурсгах бүтээн байгуулалт ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулах олон ажил хийсний “нэг” нь орон нутгийн "Тавантолгой" ХК түүхчидтэй хамтран Батмөнх хааны түүхээр хүүхэд залуучууд, ахмад буурлууддаа зориулан аудио буюу сонсдог номыг бэлтгэн гаргасан. Орон нутгийн өмчит энэ том компани хийсэн СД-гээ их хааны ойн баярын зорилгын дагуу хүүхэд залуучууд, ахмад буурлууддаа тараан таниулахын оронд амар хялбараар нь төрд "шахжээ". Тодруулбал аймгийнхаа ЗДТГ-д худалджээ. Худалдан авах шийдвэр гаргасан албан тушаалтан нь өдгөө УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залраад байгаа аймгийн Засаг дарга асан Н.Наранбаатар юм. Засаг даргын захирамжаар 300 ширхэг ауди номыг нийт 5,4 сая төгрөгөөр худалдан авсан байна. "Тавантолгой" компани Даян ханы ойд зориулсан СД-гээ тараах олон нийтэд түгээх ажлаасаа ийнхүү хөөрхөн мултраад зогсохгүй ауди номонд зарцуулсан мөнгөө аймгийн хөрөнгөнөөс гаргаад авчээ. Аймаг ч том компанийн зардлыг төлсөний дээр худалдаж авсан СД-гээ Даян хааны түүхэн гавьяаг олон нийтэд сурталчлах “үүрэг”-тэй хоцорчээ. Экс засаг дарга ийм захирамж гаргасанд гайхаад байх зүйлгүй. Тэрээр 2004 онд "Тавантолгой" ХК –ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан тул “элэг нь хаачих билээ дээ ... Ийнхүү ямар нэгэн том баяр, түүхэн ой болоход төрийн түшмэдийн “мэргэн” шийдвэрээр улс зардлыг нь гаргагч, бас худалдан авагч болоод дуусдаг жишээ энд ч бас давтагдсан аж.