Энэ хэрэг 2019 оны намар Тэрэлжид гарсан. Комиссын хувцасны наймаа хийдэг Юун Жэ Бод, Ким Ман Су хэмээх хоёр солонгос иргэн Монголд ирэхэд бизнесийн хамтрагч Эрдэнэбат угтаж авчээ. Гадны зочдыг Тэрэлжид авч очин амралтанд байруулж дотроо жорлон, ваннтай “вип” гэрт оруулсан. Морь унуулж Мэлхий хадыг үзүүлэхэд орчуулагч бүсгүйг авч явжээ. Тэрээр орчуулгын ажлын хөлсөнд 150 доллароор тохиролцсон. Амралтанд очсон өдрөөс өндөр нь болох Юун Жэ Бод нь орчуулагчийг “сонирхож” байгаагаа илд далдаар илэрхийлсэн бол намхан нь болох Ким Ман Су ганцаарджээ. Түүнд найз олохын тулд Эрдэнэбат Галаа гэдэг дүү рүүгээ залган зочидтой цэнгэх бүсгүйчүүдийг асуужээ. Дүү нь Цасаа гэх эмэгтэйтэйтэй чатаар холбогдон Тэрэлжид байгаа хоёр солонгосд хүүхэн хэрэгтэй байгааг хэлжээ. Ингээд “Лена”, Валера” гэх хоёр бүсгүй Тэрэлж рүү яаралтай давхижээ. Тэдэнд тус бүрд нь хоногийн 150 мянган төгрөг өгөхөөр тохирчээ. Бүсгүйчүүдийг очиход хоёр солонгос, нэг монгол мөн орчуулагч эмэгтэй байжээ. Тэд цөм нэлээд халамцуу байсан гэнэ. Солонгосчууд хатуу монгол архи ууж чадахгүй байсан ч Эрдэнэбат нь “эхний гурван хундагыг заавал татах ёстой” гэсээр уулгажээ. Тэд хөгжилдөхийн тулд хожигдсон нь архиар торгуульдаг солонгос тоглоом тогложээ. Найр хавтгайрах үед Эрдэнэбат “намхан солонгос чамайг сонгосон” гэж “Лена”-д хэлээд “чи мөнгөө авна санаа зоволтгүй” хэмээн “Валера”-г тайвшуулжээ. Мөн өндөр солонгосыг орчуулагчтай үлдээн бусдыгаа аван өөр “вип” гэр лүү оржээ. Өглөө орчуулагч бүсгүй “Валера”-г гэрээс нь дуудан гаргаж санаад оромгүй зүйл хэлжээ. Түүний хэлсэнээр өндөр солонгос өөрийг нь хүчирхийлж бас нүцгэн зургийг авчээ. Солонгос эрийг усанд орж байхад нь гар утас, паспортыг аваад гарч ирсэнээ хэлж утасны “галлерей” хэсэгт байх зургийг үзүүлжээ. Ийнхүү бөөн хэрэг дэгдсэн байна. Базаахгүй хэрэг гарсаныг амралтын газрынхан ч мэлжээ. Үхтлээ айсан Юун Жэ Бод орчуулагч бүсгүйн өмнө сөгдөж уучлал гуйсан ч болсонгүй. Эрдэнэбат ч орчуулагчид мөнгө санал болгон ятгасан ч дийлээгүй. Ингээд цагдаа дуудах үед Ким Ман Сун орчуулагчийн гараас нөгөө утсыг булаан зугтаажээ. Хоёр солонгос цагдаа ирэхээс өмнө зургуудаа устгаж амжсан ч мөрдөн байцаалтын явцад сэргээжээ. Нүцгэнээр авсан 7-8 зураг гарч ирсэн байна. Мөн орчуулагч бүсгүйг согтоод унтаж байхад сексийн шинжтэй үйлдэл хийсэн нь нотлогдсон ч хүчирхийлсэн гэж тогтоогдоогүй. Эрдэнэбатын тухайд унасан эмэгтэйг Юун Жэ Бодтой хамт өргөлцөн орон дээр тавьсан, мөн бусдыгаа авч гаран тэднийг нэг гэрт үлдээсэн зэргээр буруутгагджээ. Гаж донтон “харанхуйд орчуулагч эмэгтэйн нүцгэн бие гоё харагдсан болохоор зураг авсан” гэж мэдүүлжээ. Шүүх 50 настай солонгосд гурван жил, хамжигч монголд 2,1 жилээр хорих ялаар шийтгэжээ. Хохирогч эмэгтэй солонгос иргэнээс 25 сая төгрөгийн төлбөр авсан тул гомдолгүй гэж мэдүүлжээ. Солонгосд бие засах газар нийтийн тээвэрд эмэгтэйчүүдийн зургийг нууцаар авах, бичлэг хийдэг гаж донтнууд олон байдаг, иймэрхүү явдал ч их гардаг. Ийм хэргийг Солонгосд “молка” гэдэг бөгөөд эмэгтэйчүүдийн нийтийн бие засах өрөө, хувцас солих өрөөнд нууц камер байрлуулаад бичлэгийг нь өөрсдөө үзэх, интернэтийн зарим дагнасан сайтаар цацдаг.