Энэ компани хятад хөрөнгө оруулагчидтай агаад дулааны аргаар боловсруулсан 7 тонн үхрийн мах, 16 тонн ямааны махандаа экспортын гэрчилгээ авахаар МЕХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст хүсэлт гаргажээ. Дарга нь “оймс” Н.Баярсайхан байсан. Гэрчилгээ гаргуулах ажлыг компанийн дэд захирал албатай гэх Д.Хандсүрэн хөөцөлдсөн. Ерөнхий захирал М.Цагаанбаатар нь мал мах авах ажлаар голдуу хөдөө байдаг гэнэ. Гэхдээ ерөнхий л нэг кг мах тутамд 60 төгрөг өгөхөөр тохироо хийсэн байх гэж “дэд захирал” мэдүүлсэн. 23 тонн махны “хувь” нь 1,3 сая төгрөг болсон агаад Н.Баярсайхан мөнгөө авахаар өөрийн биеэр хар жийпээ унан Хан-Уул дүүргийн “Хаансвилл” хотхонд байх компанийн офис дээр иржээ. Энэ үед М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн нар байсан агаад “дэд захирал” гарч мөнгийг өгсөн байна. Гэхдээ ерөнхий захирал хэлтсийн даргатай “зузаан” байгаагүй гэж мэдүүлжээ. Харин ч зөвшөөрөл өгөхгүй удлаа хэмээн ажлын өрөөнд нь хэрэлдсэн гэнэ. Тэрээр “та нар дэндүү хүнд сурталтай байна, би 67 хүн ажиллуулаад цалинжуулж явж байна, та нар мөнгө авч байгаа нь буруу, би энэ журмаар чинь явж чадахгүй” гээд том даргын өрөөний хаалгыг бараг л саваад гарсан юм байх. Ийнхүү харилцаа муудсан тул гэрчилгээ гаргуулах ажлыг “дэд захирал”-даа хариуцуулсан. Тэрээр хөдөө явж байхад нь байнга залгаж мөнгө нэхээд байгааг хэлдэг. “Монгол эко мах” 25 тонн орчим адууны мах Хятад руу гаргахаар бэлдсэн байжээ. Энэ удаад нэг кг махнаас 80 төгрөг нэхсэнийг дэндүү өндөр гээд татгалзжээ. Татгалзсан тул мэдээж гэрчилгээ гарсангүй. Энэ зуур халуун чанартай адууны мах муудаж харлах гээд сандаргаж дээрээс нь мах хүлээн авах Хятадын компани гомдол гаргажээ. М.Цагаанбаатар ажлаа хийж чдахгүй байна гэж хөрөнгө оруулагч хятадуудад нь “алтан хошуу” хүргэсэн бололтой. Аргагүй байдалд орсон захирал мөнгө өгөхийг зөвшөөрч 1,4 сая төгрөгийг хүргүүлжээ. Гэтэл өгсөн мөнгийг бага гэж голсон тул ахиад дөрвөн сая төгрөг өгч байж гэрчилгээгээ гаргуулсан байна. Энэ компанийхан нийтдээ 6,8 сая төгрөг өгсөн гэжээ.