alim.mn | 2024.12.22
НОГООН ДАРЬ ЭХИЙН ТУУЖ

Эрт цагт зургаан зүйл хамаг амьтан эх болсон илэрхий зөөлөн авирт илтэд хурдан тонилгогч Ногоон Дарь Эх Янжин сүмд Дүнжин гарвын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Даяаны үндсийг бясалган дүүргээд зургаан зүйл хамаг амьтны эх болсон илэрхий зөвлөн авирт, илтэд хурдан тонилгогч Ногоон Дарь Эх дээд сайн цагийн мянган бурхан, Шигмуни бурхан, Очирваань бурхан, Огторгуйн түмэн хуврагуудын оронд дээш нисэн өөд болов. Мянган бурханы орныг гурван үе эргэж мөргөөд – Би Янжин сүмд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Урьдах маань холдож, хойтох маань ойртож буй энэ цагт цор ганцаар тул надад нэгэн үр заяа хэмээн хутаг гуйсанд сайн цагийн мянган бурхан зургаан сайн эмийг адислан өгөв. Тэр эмийг зооголсоны сүүлд ерэн есөн насан дээр нь Очирвааниас үндэстэй ургамал наран мэт өнгөтэй улаан тоорын өнгөт уруултай өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй хас эрдэнэ мэт шүдтэй галибарвасан мод мэт нуруутай бодитой бурхан дүртэй Оюу нэртэй бодисадва хөвгүүн төрөв.

Тэр хүүг бадам лянхуа цэцэгт хучиж элдэв зүйлийн жимсийг шимүүлэн байтал гурав хоногийн сүүлд хүү нь үгүй болон одов. Тэр Ногоон Дара эхийн дэлгэр сайхан цорой нь дээш эвхтэл татав. Бадрангуй саруул чээж нь балар харанхуй болж, бат сайхан түвшин сэтгэл нь долгисон дайвалзаж юмчин цагаан хөх нь ширгэн хатав. Саран цагаан царай нь харлаж сайхан зандан хөл сөхөрч алтан амаараа шороо үмхэн унаад дээр тэнгэрийг дэнсэлтэл доод газрыг донсолтол хувхай модноос навч цэцэг ургатал, хонхор газар ус тогттол уйлав. Тэр цагт дээд сайн цагийн мянган бурханы орноос Шагжамуни бурхан өөд болон ирээд баруун мутраас нь дээш татаж аваад гурван үе сургаал тавиад нисэн өөд болов. Зургаан зүйл хамаг амьтаны эх болсон илэрхий зөөлөн авирт илтэд хурдан тонилгогч Ногоон Дарь эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй, бор эрээн харцгай болон хувирч, дээш мянган бурханы оронд нисэн өөд болоод, мянган бурханыг гурван үе эргэж мөргөөд Би Янжин сүмд, Дүнжин гарвын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл, хатуужилын даяаныг бясалган суув.

Дияаны үндсийг төгсгөөд сайн цагийн мянган бурханы оронд хүрч, эдүгээ би ганцаар тул над нэгэн үр заяа гэж айлтгасанд ерөн есөн насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй, улаан бямбын уруултай, өндөр Бирузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галибарвасан модон мэт нуруутай, бодтой бурханы дүртэй, Оюу нэртэй бодсадва хөвүүн төрсөн билээ. Бадам лянхуа цэцгийн дотор хучиж байн атал гурван хоногийн сүүлд гагцхүү төрсөн Оюу бодсада минь үгүй болон одов. Сайн заяатай агсан бол мянган бурханы оронд шавь болон төрсөн болов уу гэж санаад ирэв. Гагцхүү төрсөн бодсадва хөвгүүнийг минь үзэв үү хэмээн хэлүүлсэнд “Авай зургаан зүйл хамаг амьтаны эх болон Ногоон дарь эх минь чиний гагцхүү төрсөн бодьсадыг чинь үзсэнгүй” гэв. Тэр цагт хойт мөрт зар тавихын тул бэлгэ тэмдгийг айлтганам. Зүрхний эхэнд таван зуун цогцын бэлгэ бүрдсэн бэх хар мэнгэ буй билээ. Хоёр далны хооронд сувдын дүрээр бүтсэн шүр улаан мэнгэ буй билээ.Тийм болохул миний хөвүүн магад мөн гэж зар тавиад дор замбутивд бууж, арван найман тамын амьтанд төрсөн болов уу гэж ирээд, мөн тамын амьтанаас “Гагцхүү төрсөн Оюу бодсадвыг минь үзэв үү?” гэж асуув. Төдий тамын амьтан “Авай зургаан зүйл хамаг амьтаны эх болсон Ногоон дара эх минь, чиний гагцхүү төрсөн Оюу бодсадвыг чинь бид үзсэнгүй” гэв.

Мөн Ногоон Дарь эх “Арван найман тамын амьтаны аливаа зовлонг арилгаад замбутивийн дээр хоёр хөлт хүн, дөрвөн хөлт адгуусанд төрсөн болов уу?” гэж тэр амьтанаас бас асуув. Тэд амьтан бас “үзсэнгүй” гэв. Замбутивийн хүн амьтаны зовлонг арилгаад Ногоон дара эх бишгүүр мэт дуугаар хашгиран хайлж яваад гадаад далайд живж үхсэн болов уу гэж санаад, гадаад далайг гурван сар болтол шүүрдэж эс олоод, буцаж бишгүүр мэт дуугаар хашигаран хайлж явтал нэгэн хон хэрзэ уулзав. “Зургаан зүйл хамаг амьтаны эх болсон Ногоон дарь эх аль газар морилж явна” хэмээн айлтган өчвөөс Ногоон дара эх “Ерэн есөн насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй, улаан бямбын уруултай өндөр Бирузана мэт тэгш сайхан биетэй хас эрдэнэ мэт шүдтэй, галибарвасан модон мэт нуруутай, бодит бурханы дүртэй, Оюу нэртэй бодсадва хөвүүн төрсөн билээ. Тэр хөвүүн минь гурван хоногийн сүүлд үгүй болон одов.

Түүнийгээ эрэн сураглаж дээд сайн цагийн мянган бурханы оронд эрж эс олов. Доор тамын амьтнаас асууж эс олов. Замбутивийн дээр хоёр хөлтэй хүн, дөрвөн хөлтэй адгуусанд очиж асуугаад эс олов. Гадаад далайд гурван сар шүүрдэж эс олов хэмээн айлдав. Хон хэрээ энэрэхийн сэтгэлгүй элэглэхийн сэтгэлтэй, хайрлахын сэтгэлгүй, халдахын сэтгэлтэй боловч хариу мэдсэнгүй гэж айлтгаад “Алтан уулын орой дээр долоон үе номын чанар бясалгасан, ерэн есөн жил даяан хийсэн. Есөн хэлийг мэдэх, огторгуйн мэргэн раш хар цагаан зурхай зурж, хар-цасаан чулуу тавьж байхыг үзэв. Тэр мэдэх буй” хэмээв. Ногоон дара эх хэрээнд ийн ерөөл тавиваа. Ээ чи миний замыг зааж, мөрийг шулуутгаж өгснөөр жаварт тэнгэрт даарахгүй биетэй болоорой. Жаран жалгыг нэвт харах нүдтэй болоорой! гээд усан нүдний оронд билгийн нүдийг өгч соёрохвоо.

Тэндээс Ногоон дарь эх Алтан уулын орой дээр очоод долоон үе номын чанар бясалгасан ерэн есөн жил даяан хийсэн есен хэлийг мэдэх огторгуйн мэргэн цагаан рашийг гурван үе эргэж мөргөөд ийн айлдав. – Би Янжин сүмд Дүнжин гаравын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Даяаны үндэсийг дүүргээд эдгээ өтөл бие гащ үлдэхэд тул нэгэн үр заяа нуу? гэж сайн цагийн мянган бурханаас хутаг гуйсан ерэн есөн насан дээр минь ургасан нар мэт өнгөтэй, улаан бямбын уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй хас эрдэнэ мэт нүдтэй, галбирвасан модон мэт нуруутай бодитой Бурханы дүртэй. Оюу нэртэй бодсадва хүү төрсөн билээ. Тэр хөвгүүн маань гурав хоногийн сүүлд үгүй болон одов. Дээд сайн цагийн мянган бурханы оронд эрж эс олов. Доорд тамын амьтнаас асууж эс олов.

Замбутивийн дээр хоёр хелтэй хүн, адпуусанд очиж асуугаад эс олов. Гадаад далайд гурван сар шүүрдэж эс олов. Тиймийн тул би огторгуйн мэргэн цагаан арш танд бэлгэ төлөг айлтая” гэв. Огторгуйн мэргэн цагаан арш, цагаан, ногоон хөх гурван өнгийн чулуугаар зурхай зурж бэлгэ буулгаад “Авай зургаан зүйл хамаг амьтаны эх болсон Ногоон дарь эх минь гагцхүү төрсөн Оюу бодсадва хүү чинь сайн цагийн мянган бурханы оронд байна гэж буух чинь юу вэ” гэв. Тэр цагт Ногоон дара эх “Авай энэ зарлиг чинь үнэн болтугай үнэн болохул ширгэсэн юмчин цагаан хөхнөөс минь сүү далай мэт урс гэж байтал юмчин цагаан хөхнөөс нь сүү далай мэт урсав. Алтан тэвш дүүргэн сааж барьж барьц барамидыг гүйцээв.

Огторгуйн мэргэн цагаан раш бас нэгэн өнгийн чулуугаар бэлгэ буулгаад “Ногоон дарь эх минь, Оюу бодсада хүү чинь ахуй их магтаалтай, арилсан номын биетэй, арван нэгэн нүүртэй, Авид бурхан титэмтэй, төгс лагшин биетэй, тэгш мянган мутартай, алга бүхэндээ нүдтэй, амьтаныг нигүүлсэхүй дүртэй, арц зандан үнэртэй, элдэв хэвийн хувцастай, эрдэнэсийн чулуун чимэгтэй, хонсим бодсадвын зарлигтай, хун галанбингийн эгшигтэй, хутаг эрдэм төгссөн зургаан үсгийн тарнитай, гурван цагийг айлдагч бэлгэ билгийн зүрхтэй, хүсэл бүгдийг хангагч чандмань эрдэнийн сантай, хүчин бүгд нь төгссөн цагаан лавайн өнгөтэй, цаглашгүй гэрэлтэй бодтой бодсадва лавтай мөн гэж буух чинь юу вэ” гэв. Ногоон дара эх “Энэ зарлиг чинь үнэн болтугай” гэж эрдэнэт дөрвөн мөчөө барьц барьж бармидыг гүйцэтгэв.

Бас нэгэн өнгийн чулуугаар бэлгэ буулгаад “Оюу бодсадвыг чинь эх болсон зургаан зүйл хамаг амьтаны зовлон ихэдсэний тулд сайн цагийн мянган бурханы оронд Шигэмүни бурхан, Очирбани бурхан, Огторгуйн түмэн хуврага хулгай хийж аваад алтан суварганы дотор гурван зуун жаран зургаан давхар алтан бумбын дотор буруулан байна гэж буух чинь юу вэ” гэсэнд, Ногоон дарь эх бие, хэл, сэтгэл юүгээ барьц барьж бармидыг гүйцэтгэв. Ногоон дарь эх огторгуйн мэргэн цагаан рашид ерөөл тавив. “Чи энэ насанд хар багш агсан боловч хойд насандаа Жимсгэлэн нэрт уулыг эзлэн Цагаан өвгөн нэртэй бурхан болж туулаад, хамаг хүн адгуусны гамшиг дамшигийг арилгаж баруун мутартаа луугийн тэргүүнт таягийг барьж явах болтугай” гэж ерөөл тавив. Мэргэн цагаан раш бас ерөөл тавив. “Ногоон дара эх минь, Оюу бодсада юугаа эрж олоод зовлонт амьтаныг зовлонгоос тонилгоод, амгалан өөд болж явтугай” гэв. Ногоон дара эхийн ерөөл тавьсаны хүчээр Цагаан өвгөн гэж явагч учир тэр бөлгөө.

Зургаан зуйл хамаг амьтаны эх болсон, илэрхий зөөлөн авирт, илтэд хурдан тонилгогч Ногоон дарь эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй, бор тарлан харцага болон хувилаад, дээд сайн цагийн мянган бурханы оронд зорин очоод бишгүүр мэт дуугаар хашгиран хайлж, “хар уулын орой дээр хархиран явагч, хар эрээн бар минь хаа байна” гэж хангинан дуудаж, “хүрэн уулын орой дээр хүрхрэн явагч, хүрэн эрээн барс минь хаа байна” гэж дуудаж хангинаж явтал, хоёр замын уулзвар дээр нэгэн хар хэвнэг өмссөн, араг үүрсэн хатагтайг үзээд хамаг чимгээ түүнд тайлж өгөөд, түүний аргийг үүрч баруун гартаа эрээн таар барьж, зүүн гартаа хувхай таяг барьж гуйланч эмгэн болон хувирч зардас хүний гэрт гурван сар явав.

Тэр цагт сайн цагийн мянган бурханы Оюу бодсадвыг зуны дунд сарын арван таванд арван найман хөлтэй алтан ширээнд залаад зүг зүгт нь мянгаад бодсадвагаар хүрээлүүлж, авшиг номыг сонсч байна.Ногоон дарь эх түүнийг харахул миний хүү минь мөн бололтой гэж санаад дуугаран ядаж байтал Шигмүни бурхан зарлиг болов. “Та нар энэ эмгэнийг хэн байна гэж санадаг буй” хэмээхэд тэр бодсадва нар “Бид танихгүй “гэв. Ногоон дарь эх энэ биш үү” гэв. Тэгмэгц тэр бодсадва нар Ногоон дарь эхийн өмнөөс цагаан солонго татуулж, Оюу бодсадваг ширээнээс нь буулгаж аваад, гурван зуун жаран зургаан давхар алтан цагаан бумбаны дотор буруулаад, өөр нэгэн бодсадваг ширээнд нь суулгаад тахиж байв. Тэр цагт Ногоон дарь эх цагаан солонгыг үлээж орхиод харах гэхүл өөрийн бодсадва үгүй, танихгүй нэгэн бодсадваг үзэв.  

Ногоон дарь эхийн саран цагаан царай нь харлаж, мянган бурхад болон хамаг бодсадва нар ирж Ногоон дарь эх, хөвүүн хоёрыг хагацуулан ядав. Очирваани бурханд Шигмүни бурхан зарлиг болов. “Чи нэгэн аргатай биш үү. Энэ эх хөвүүн хоёрыг хагацуулж үз” гэв. Тэгмэгц Очирваани бурхан ширээн дүр бариад оройн очирыг булга татаж аваад хоёр төмөр соёо болгов. Баруун хөлөөсөө бараан эрээн лууг гаргаж, зүүн хөлөөсөө шар эрээн лууг гаргаж хүрхрүүлэн эх хүү хоёрыг хагацуулав. Ногоон дара эх хөвүүнээ баруун мутраас нь барьж байгаад “Бас дахин үгүй болох болов уу гэхээс тавьж болохгүй байна” гээд дахин тэврэв. Тэр цагт Оюу бодсада эхээсээ алдуулж ядаад гучин хоёр лагшин төгссөн эрдэнэт цагаан шүдээ булга татаад гурван насны дүрээр хувилж эхийн юмчин цагаан хөхийг хөхөн суувай.

Гурван сар болсоны хойно эхийн хөх дунд орж хүү ханав. Тэр цагт эх, хөвуүн хоёр тавилцав. “Эх хөвүүн хоёрын уйлаан дуунд Шигмүни бурхан ширээнээс шилжин догдолж гэнэв. Байсан шавь нар бүгд барагдашгүй уй гашуунд дарагдаж гэнэм. Очирваани бурханы дун бүрээний гурван үеийн хурал тасрав гэнэм. Одоо бид хоёр тэр алдсаа наманчилсугай” гэж таван зуун илжиг луусаар хэв хадаг ачиж ирээд арван найман хөлтэй алтан ширээн дээр бурхан бодсадва нарыг залаад, барьц барьж бармидыг гүйцэтгэв. Би оюу бодсадва юугаа эрж явахдаа олон амьтаныг үзэв. Жаргалтай амьтан, зовлонтой амьтанч олон байна. Гэвч зовлонтой амьтан илүү олон бололтой байна. Би тэр зовлонт амьтаныг зовлонгоос тонилгоё гэж санасан минь зөв буюу, буруу буюу” гэж айлтгав. Тэр бурхан бодсадва нар “Авай энэ санаа чинь зөв зөв сайхан 5 санаа байна” Бид илт туулсан бурхан авч амьтныг энэрч чадахгүй байна гэж зарлиг болоод, “Бид харин даган баясалцья” гэв.

Төдий бодсада нар Ногоон дара эх, хөвүүн хоёрыг бас арван найман хөлтэй ширээн дээр залж, долоонтаа тойрч, гурвантаа мөргөөд, “Чам юугаа бид зовоосон учир бол зургаан зүйл хамаг амьтаны зовлонг үзтүгэй гэж чилээсэнд минь тэр бүлгээ” гэж хив хадгаар барьц барьж бармидыг гүйцээв Зургаан зүйл хамаг амьтаны эх болсон Ногоон дара эх, Оюу бодсадва хөвүүн юүгээ аваад замбутивийн арван найман харанхуй тамын амьтаныг зорьж ир тэрэгний замаар орж явтал хоёр замын уулзвар дээр нэгэн үхсэн өвгөн лам хэвтэхийг үзээд “Энэ эрдэнэт хүний биеэс яаж хагацсан хувраг буй” гээд үзвээс, арайхан үхсэнгүй амьд хөдөлж хэвтэхийг үзээд эрдэнэт дөрвөн мөчин дээрээ өргөж тавиад юмчин цагаан хөх юүгээ хөхүүлэн, гурван сар тэжээгээд цааш дагуулан явтал өвгөн ламын турсан нь их тул яван чадахгүйд эх хөвүүн хоёр ээлжлэн үүрэв. Мөрний мах барагдаж ясыг цайтал үүрч явтал өвгөн лам мөнх бусын дүрийг үзүүлэв. Түүний хүүрийг нэгэн их хурал сүм байхын дэргэд оршуулан тавиад цааш тамын оронд хүрээд, тамын дэргэд алтан гүрмүл зандан суврага босгон, тэр суварган дор эх хөвүүн хоёр даяаныг бясалган суув. Тэр тамын амьтан бурханы хутгийг олж байв.

Тэр цагт огторгуйгаас алтан эмээл хазаартай навчин хар халзан морь ирээд, эх хөвүүн хоёрт хүлэг болж, тэр тамын амьтаныг зовлонгоос гарган тонилгов. Тэр цагт эрлэгийн түмэн яргачин эрлэг номун хаандаа ирээд “Бид там сахисаны тулд там юугаа дүүрэн болохул баярладаг. Хоосон болохул гомддог билээ. Одоо там хоосон болоход хүрэв” гэж айлтгасанд Эрлэг номон хаан зарлиг болов. “Тэр морийг барьж иртүгэй” гэв. Эрлэгийн түмэн яргачин тэр морийг барих гэж иртэл тэр морь ухаанаар мэдээд яргачны өмнөөс угтаж иртэл яргачин моринд өгүүлрүүн: “Бид чамайг барих гэж ирсэн бөлгөө” гэв. Тэр морь өгүүлрүүн: “Би тамд унах заяатай бөгөөс та нар эсхийвч унамуй. Тамд би унах заяагүй бол яажхийвч унахгүй биш үү” гэж хэлээд өөрөө баригдав. Тэр эрлэгүүд морийг аван одох цагт морь яргачдыг үс бүгдийн үзүүр дээрээ унуулж Эрлэг номон хаанд очив, Эрлэг номун хаан зарлиг болов. “Энэ морийг халуун тамд орхигтун” гэв.


Түмэн яргачин морийг аваачаад халуунд тамд орхив. Тэр эрлэгүүд тамын өрхнөөс шагайж харан гэхүл, тэр тамын өрхнөөс алтан салаатай, мөнгөн навчтай, элдэв зүйлийн жимс ургаад сэрүүн сайхан булаг урсаад, хөх сайхан навч дэлгэрээд, тэр тамын зовлонт амьтан хун цэнгийн дуу мэт эгшиг дуурсган, сайн цагийн мянган бурханы оронд зорин шавь болон төрж байв. Яргачин нар хаандаа очоод “Тэр ямар жигтэй морь вэ, тун эс мэдэв” гзж морины аливаа учирыг дэлгэрэнгүй еэ айлтгаваас, эрлэг номон хаан бас “Хүйтэн тамд орхи” гэв. Хүйтэн тамд орхиод мөн тамын өрхөөр харвал бас урьдах тамын ёсоор тамын амьтан тонилж байв. Эрлэгийн яргачид хаандаа ирж айлтгав. Хаан “Тэр морийг гурван давхар ширмэн байшинд есөн давхар төмөр ногтоор ногтолж, есөн давхар төмөр чөдрөөр чөдөрлөж орхиггун” гэв. Яргачин нар тэр морийг харанхуй хар байшинд орхиод орон орондоо тарав.

Тэр морь ширмэн байшинг дэлбэ дайрч гараад Ногоон дара эх, хөвүүн хоёрт очиж “Урьд хоёр замын уулзвар дээр хэвтсэн өвгөн лам би бөлгөө. Мөрний мах барагдаж, ясыг цайтал өргөсний ачийг хариулж чадав уу, эс чадав уу, эс мэдзв. Дээд Гандан тэнгэрийн ганц охин, таван ухаанд мэргэжсан, тансаг зандан дагиныг Оюу бодсадвагын хатан болгож өгөөд, юмчин цагаан мээмний сүүний ачийг хариулья гээд огторгуйд нисэн одов.” Тэр цагт түмэн яргачин ширмэн байшинд ирж морийг үзвээс үгүй ажгуу. Бас эрлэг хаанаас элч ирээд, тэр яргачдыг “Морио авч ирэхтүн” хэмээвээс айлтгах үгээ олж ядан гурван хоног тамын амсар дээр хэвтэв. Эрлэг хаан эрхгүй бараалах гэсний тул түмэн яргачин хаанд ирж, “Бид тэр морийг тун эс мэдэв, харанхуй ширмэн байшингаас үгүй болж байнам” хэмээн айлтгасанд хаан мишээгээд тэр морь бус Шигмүни бурхан буюу” хэмээж Тэр Ногоон дара эх, хөвүүн хоёрыг энд залж ирэгтүн” хэмээвээс Ногоон дара эх, хөвүүн хоёрт элч очиж Эрлэг хааны зарлигийг айлтгаваас “Бид эх, хөвүүн хоёр тамын амьтаны тусын тулд даяаныг бясалгаж суумуй.


Даяаны үндсийг төгсгөөд очиж бараалхая” гэв. Тэр элч харив. Төдийхөн Ногоон дарь эх, хөвүүн хоёулаа Эрлэг хаанд очвоос хаан тэдний өмнөөс үнэртэн шатааж угтаад алтан шар ширээд дээр залж, эргэл мөргөл хийж байгаад ийн айлтгаруун: “Ногоон дара эхийн адистэд нь ер хэдий чинээ болов” гэж айлтгаваас Ногоон дарь эх, “Хай эс мэдэв. Эрт урьд цагт Шигмүни бурхан зарлиг болдог билээ. Ногоон дара эхийн туужийг дуудаж судар номыг уншваас гурван муу заяанд ер үл унах гэж байдаг билээ” гэв. Түүний хойно эрлэг хаан “Тэр үнэн болохул мянган галав нөгчөөгүй цагт би буян хилэнц хоёрыг ялгасаар байна. Мянган галав нөгчсөний хойно би таны шавь болон төрөх ерөөлийг тавья” хэмээв.

Түүнээс мянган галав нөгчөөгуй цагт Ногоон дара эх амьтаныг тонилгож байх, Эрлэг хаан буян хилэнц хоёрыг ялгаж байх учир тэр бөлгөө. Тэр цагт бурхан бодсадва нарын айлдсан нь: “Ногоон дара эхийн хөвүүн Оюу бодсадва ертенцийн хаан болж төрийг барих цагт гандан тэнгэрийн ганц хүүхэн таван ухаанд мэргэжсан тансаг Зандан дагиныг хатан болгож сууваас орчлонгийн хүн амьтан үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй, энх жаргаж, мөнх наслах болно” гэж айлдсан бөлгөө. Тэр ёсоор найман эрдэм бүрдсэн, навчин хар морь хан тэнгэрийн оронд халин нисч явтал гандан тэнгэрийн ганц хүүхэн таван ухаанд мэргэжсэн тансаг Зандан дагина амьтаны тусыг сэтгэж ариун оронд зугаалан явж байгаад тэр морийг үзэж зарлиг болов. Гурван ухаан мэргэжсэн, Гуа сэцэн дагина минь, энэ юун сайхан үзэсгэлэнтэй морь вэ. Үүнийг надад барьж авчир.

Би унаж сорьж үзье” гэв. “Таван ухаанд мэргэжсэн тансаг Зандан дагиныг минь, уужим сайхан цээжиндээ учрыг хянан бодоорой, утгыг шинжлэн. мэдээрэй, унах адгуус биш бололтой, урхи сахиулсан мөн бололтой” хэмээсэнд таван ухаанд мэргэжсэн тансаг зандан дагины таалал сэтгэлд нийцсэн тул, “Найман эрдэм бүрдсэн, навчин хар морийг над барьж ир” гэв. Гурван ухаанд мэргэжсэн Гуа сэцэн дагина өвсний үзүүрт туурайгаа хүргэлгүй, өндөр ууланд сүүдрээ хүргэлгүй, өөд сөөргөө хатиран яваа найман эрдэм бүрдсэн, навчин хар моринд алтан уургыг сунгаж, мөнгөн хуйваар оосорлож барьж авав. Таван ухаанд мэргэжсэн тансаг Зандан дагина найман эрдэм бүрдсэн навчин хар морийг хөлөглөөд, тавтай сайхан гүйдлээр нь таван бээрийг өнгөрөөд, уужим сайхан гүйдлээр арван бээрийг өнгөртөл Сүмбэр уулын хөндийгөөр ороогоод, Сүн далайн хөвөөргөөр тойроод, хүүе гэхийн завгүйхүний ертөнцөд хүрч, за гэхийн завгүй замбутивд ирж буув.

Гурван ухаанд мэргэжсэн Гуа сэцэн дагина Гандан тэнгэр эцэг нь, Галбир хатан эхэд нь, Нармай тэнгэр ахад нь, наян түмэн дагинасад нь яаралтай мэдээг зарлаад явж нэхэж ирэв: “Таван ухаанд мэргэжсэн тансаг Зандан дагина минь, Гандан тэнгэр эцгээ гасланд нэрвэгдүүлж, Галбир хатан эхээ зовлонд живүүлж, Нармай тэнгэр ахаа энэлэнд дарагдуулж, наян түмэн дагинасаа өнчин болгож орхив уу. Өнөр олноо орхиод, өнчин ганцаар юунд одов” гэж дуудсанд “Гурван ухаанд мэргэжсэн Гуа сэцэн дагина минь, уужим сайхан цээжиндээ учрыг хянан бодоорой, утгыг шинжлэн мэдээрэй.

Ногоон дара эхийн хөвүүн, Оюу бодсадагийн хатан болбол орчлонгийн амьтан үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй, энх жаргаж, мөнх наслах болно хэмээсэн буцааж болохгүй, бурханы зарлигийг дагаж явна, Хаан эцэг, хатан эх, хамаг улсад минь хариу учрыг айлтга” хэмээсэнд тэнгэрийн орны улс бүгдээр тэнцэшгүй ихээр гашуудан уйлав. Ногоон дара эхийн хөвуүн Оюу бодсада таван ухаанд мэргэжсэн Тансаг Зандан дагина хоёул сэтгэл нийлэлцэж, Ногоон дара эхийн хамтаар бурхан бодсадагийн зарлигаар Будлан уулын дэргэд алтан ордыг барьж, мөнгөн суваргыг байгуулаад, амар жаргалангаар ажаарахын цагт, орчлонгийн хамаг амьтан үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй, энх жаргаж, мөнх наслан суув.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ