alim.mn | 2024.12.22
Бурхан багш Таватимса тэнгэрийн орноос буцан хүний ертөнц морилсон түүх
Бурхан багш номын эсрэг үзэлт хүмүүст 16 өдрийн турш номын их хүчийг харуулан шид үзүүлж хэдэн зуун сая амьтныг гэгээрлийг мөрд хөтлөөд тэндээсээ Таватимса хэмээх тэнгэрийн оронд морилохоор шийдэв. Бурхан багшийн төрүүлсэн эх Тусита тэнгэрийн оронд Сантусита хэмээх тэнгэр болон төрөл авсан байсан бөгөөд Бурханыг Таватимса тэнгэрийн оронд морилоход мөн тэнд хүрэлцэн иржээ.
Энэ тэнгэрийн орны нэг өдөр нь хүний ертөнцийн 100 жилтэй тэнцэх агаад ийм хугацаа бүхий 1000 жилийн настай тэнгэрүүд амьдардаг аж. Энэ тэнгэрийн оронд Бурхан багш Абхидамма буюу энэ ертөнц болон оюун ухаан түүний дотоод жам ёсны талаар асар гүн утгат номын сургаалийг тэнгэр болон брахма нарт зуны гурван сарын борооны улирлын турш айлджээ. Сургаалийн төгсгөлд түүний эх Сантусита тэнгэр гэгээрлийн эхний шатанд орсон бөгөөд тоолшгүй олон тэнгэр брахма нар ч гэгээрлийн хутгийг оносон гэдэг.
Энэ хугацаад хуврагийн армийн их жанжин бурхан багшийн баруун гарын шавь Шаарипутта борооны улирлыг Шравасти хотоос долоон ёожана зайнд орших Санкасангара хийдэд залран байжээ. Мөн энэ хугацаанд Бурхан багшаас заавар аван Абхидхамма номын сургаалийг өөртэйгээ хамт ажран буй 500 хуврагт номложээ.
Борооны улирал дуусахуйд ид шид рид хүчийн их сан хөмрөг Маха Могаллайн, бурхан багшийн зүүн гарын их шавь Таватимса тэнгэрийн оронд морилж Бурхан багшид бараалхав.
Бурхан багш түүнд борооны улирлын дараах тэргэл сартай өдөр хүмүүний ертөнцөд дээд тэнгэрээс залран буух ба буух газар нь Шаарипутта хуврагийн борооны улирал өнгөрүүлсэн газар байх болно гэдгийг зарлигдан сонордуулжээ.
Амласан ёсоор Бурхан багш өөрийн лагшин биеээс зургаан өнгийн хурц гэрэл сацруулан бууж ирсэн гэдэг. Бурхан багшид бараа болон нэг талд нь тэнгэр, нөгөө талд нь брахма тэнгэрүүд хүрэлцэн ирсэн байна. Нөгөө талаас хүний ертөнцөөс хувраг Шаарипутта-гаар ахлуулсан 500 хувраг мөн үй олон сүсэгтнүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Бурхан багш тэнгэрээс залран хүний ертөнцөд ирэхүйд лагшин биенээс нь ялгарах 6 өнгийн гэрэл нь хэт хүчтэй байсан тул энгийн хүмүүсийн нүд нь гялбаад харж чадахгүй байсан гэдэг. Их хувраг Шаарипутта багшийнхаа сүрдэм сайхан сүр жавхланг бахдан биширч “Эрхэм дээдэс ээ, Бид өнөөг хүртэл ийм их сүр жавхлан гайхамшгийг харж байсангүй. Эрхэм дээдэс ээ, та үнэхээр тэнгэр, брахма ба хүмүүний ертөнцийн хайр хүндлэлийг татсан гайхамшгийг биелэл ажгуу” хэмээн өгүүлжээ.
Бурхан багш “Гүн самаадхи болон Випашяна бясалгалыг үйлдэгч хүмүүн мэдрэхүйн зургаан эрхтний ертөнцөөс ангижирсан амар амгаланд умбадаг юм. Ийм ухаант мэдэхүй төгөлдөр оршигч, хутагтын 4 үнэнийг алдалгүй оносон дайснаа дарагч, бурхад хамаг тэнгэр ба хүмүүний хайр хүндлэлийг татдаг юм аа” гэжээ.
Бурханыг ийн энэ мэт сургаалиа айлдаж дуусахад Шаарипутта-гийн шавь байсан 500 хувраг дайснаа дарагч болон гэгээрч бусад нь гэгээрлийн эхний шатад орсон түүхтэй.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ