
2017 оны намрын сүүлээр Заяа/хохирогчийн нэрийг өөрчлөв/-гийн цфэйсбүүк хаяг руу Мядаг гэдэг эмэгтэйгээс найзын хүсэлт хэдэнтээ иржээ. “Сайн уу, ямар хөөрхөн охин бэ, манай эгч маникюр хийдэг, чи хийлгэх үү” гэсээр тэд танилцжээ. Он гараад Тээврийн дээд сургуулийн дэргэдэх пабд уулзахад Мядагийн Халиун гэдэг найз ирж тэд хамтдаа Учралых руу явжээ. Тэд бүсгүйчүүд уусан байна. Энэ үеэр Учрал “би сая яваад ирэхдээ 27 сая төгрөгтэй ирсэн” гэх мэтээр ярьсан нь Заяагийн гайхшралыг төрүүлжээ. Уулт өндөрлөхөд Мядаг шинэ найз Заяагаа хүргэж өгсөн агаад гэрийх нь хаягийг мэдэх зорилготой байсан нь дараа тодорхой болжээ. Удалгүй “Хятадад ширээний хүүхний ажил байна, бэлгийн харьцаанд орохгүйгээр их мөнгө олдог” гэх зэргээр мессэж бичиж эхэлжээ. Тэд дараа нь Заяа их мөнгөний сургаар өөрөө явах санал гаргасан гэж мэдүүлсэн. Харин хохирогч “би хүмүүжилтэй айлын охин” гэж ихэд цааргалсан ч гадаад паспортынхоо зургийг Учралд өгчихжээ. Уг зургийг Малайзид байх Цэлмэг гэдэг эмэгтэйд явуулсанаар Заяагийн нэр дээр онгоцны тийз захиалагдан иржээ. Мядаг ч бас явахаар тийз захиалсан байсан. Энэ үед Заяа гэнэт явахгүй гэсэн ч том дарамт шахалтанд оржээ. Мядаг түүнийг “явахгүй гэвэл тийз үхүүлсний нэг сая төгрөг төл, би чиний гэрийн хаягыг мэднэ, манай хүмүүс чамайг хаанаас ч олно” гэх зэргээр айлгасан. Айсан бүсгүй 2018 оны 3-р сарын эхээр гэрийхнийгээ унтаж байхад зөвхөн ахдаа Солонгос явлаа гэж хэлээд Буянт-Ухаа руу зугтах шахам таксиджээ. Нисэх буудалд Мядаг аав ээжтэйгээ хүлээж байсан гэнэ. Тэд хоёр хоногийн дараа Малайзид буужээ. Тусгай такси хүлээн авч Каула-Лампур хотын “Оранж Шамелон” буудалд хүргэжээ. Эхний өдөр хамтдаа нэг өрөөнд амраад маргаашнаас нь тусдаа өрөөнд орж “ажлаа” эхэлсэн. Буудлын эрхлэгч малайз тэдний гадаад паспортыг хуулбарлаж авсан бол Заяагийнхыг Мядаг бараг л хурааж авчээ. Нэг зочинг 40-60 минутын хугацаатай 280 рингитээр хүлээж авч үйлчилдэг. Үүнээс 80 нь зочид буудалд, 30 нь тийз захиалж өгсөн Цэлмэгт очдог. Тэд өдөрт 7-10 “зочин” хүлээж авдаг гэнэ. 3-р сарын 13-нд анхны цалин буухад Заяа 37 “зочинтой” болсон байжээ. Суутгалаа хасуулаад 140 рингитээ зочдын тоогоор үржүүлэхэд монгол мөнгөөр гурван сая төгрөг гар дээрээ авах тооцоо гарсан. Гэсэн ч тийзний мөнгөний өрөнд хэмээн Мядаг бүгдийг нь авчээ. Дараагийн цалин 19-нд буухад монгол мөнгөөр 2,7 сая төгрөг гарсан ч Мядаг 500 мянган төгрөгтэй тэнцэх мянган рингит өгөөд л бусдыг бас хураасан. Энэ мэт ажилласаар 3-р сарын 15-нд Малайзын цагдаа буудлыг нь шалгах үед баригджээ. Нийтдээ 10 гаруй монгол эмэгтэй баригдаж албадан гаргагдсан. Монголд ирээд цалингаа булаалгасан хохирогч цагдаад ханджээ. Ингээд эмзэг байдлыг нь далимдуулж бэлгийн мөлжлөгт оруулсан, хүн худалдаалсан гэх хэрэг үүссэн. Энэ хэрэгт 28-36 насны дөрвөн эмэгтэй татагдсан. Тэд Хятад, Хонгконг, Малайзид наймаа хийдэг, мөнгөгүй болохоороо биеэ үнэлдэг байжээ. Мөрдөн байцаалтын явцад “ажлын цалин” хэмээн Заяад 5,4 сая төгрөг өгсөн гэнэ. Сүүлийн үед монгол бүсгүйчүүд Малайзид биеэ үнэлээд баригдсан хэрэг их гарах болсон.