Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
УИХ-ын баасан гарагийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа.
Төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн юм. МАН-ын олонх гишүүд хоригийг дэмжээгүй учраас АН-ын бүлэг санал хураалтанд оролцохгүйгээ илэрхийлээд хуралдааныг орхин гарав.
Ерөнхийлөгч хоригтоо дараах дөрвөн саналыг тусгаад байсан юм.
1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ