alim.mn | 2024.12.22
Марадонаг үл хүндэтгэсэн охин: Би хүчирхийлэгчид хүндэтгэл үзүүлэхгүй

Испанийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн лигийн наймдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдсан юм. Энэ үеэр тамирчид тоглолт эхлэхийн өмнө нэг минут чимээгүй зогсч, саяхан таалал төгссөн хөлбөмбөгийн домогт тамирчин Диего Марадонад хүндэтгэл үзүүлжээ. Гэвч Депортиво Абанка багийн тоглогч Паула Дапена энэхүү үйлдлийг эсэргүүцэж, буруу харж суусан аж. Учир нь тэрбээр Марадонаг хүчирхийлэгч гэж үздэг гэнэ.

Энэхүү тоглолтын дараа залуу бүсгүйг Марадонагийн үнэнч хөгжөөн дэмжигчид заналхийлэж, ална хэмээн сүрдүүлжээ. Өдгөө 24 настай Паула Дапена орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа “Би гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод эмгэнэл илэрхийлэж нэг минут чимээгүй зогсч чадна. Харин хүчирхийлэгчид хүндэтгэл үзүүлэхгүй. Энэ бол миний феминист үзэл баримтлалтай нийцэх үйлдэл биш. Миний хувьд тэр гайхалтай тамирчин байсан. Гэхдээ хувь хүн талаасаа хэзээ ч тийм байгаагүй” хэмээжээ.

Саяхан тэнгэрт дэвшсэн Диего Марадона 2014 онд тухайн үеийн найз бүсгүйтэйгээ маргалдаж, түүнийг зодож гэмтээж буй бичлэг ил болсны дараа хүмүүс түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж байсан юм. Гэвч Марадона ямар ч ял шийтгэл авалгүй зүгээр өнгөрчээ. Марадона тухайн үедээ энэ талаараа ярихдаа “Би утас л шүүрч авсан. Бурхандаа амлъя, би эмэгтэй хүнд гар хүрээгүй” гэж байжээ.

Паула Дапенагаас гадна түүний багийн нөхдийг заналхийлэж, сүрдүүлж байгаа гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ