Төрийн оролцоот энэ компанийн 2020 оны шилэн дансны мэдээлэлээр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсаны үлдэгдэл төлбөрт “Фантастик” продакшинд 30 сая төгрөг төлсөн байна. Урьдчилгаанд хэдэн саяыг өгсөнийг бид мэдэхгүй. Учир нь энэ компани одоо болтол 2019 оны шилэн дансны мэдээллээ оруулахгүй байгаа нь нийтэд үзүүлмээргүй зүйл байгаа учраас л гэсэн хардлагыг төрүүлдэг. Хэрвээ үлдэгдэл төлбөрд 30 саяыг төлж байгаа бол урьдчилгаа доод тал нь 15-20 сая байх магадлалтай. Тэгвэл нийтдээ бараг хагас зуун сая төгрөгөөр “фантастик” шинэ жилдсэн бололтой. Мөнгөтэй компанийн хувьд “Эрдэнэс Таван Толгой” урлагийн томчуудтай л харьцдаг гэдэг нь компанийн сүлд дуунаас нь харагдсан. “Фантастик продакшин” нь кино урлагтаа томоо том. Шинэ жилийн арга хэмжээ мэтийг хурууныхаа үзүүрээр л хийх байх. Төрийн өмчит, оролцоот компаниуд арвилан хэмнэлттэй ажиллах учиртай. Энэ талаар Сангийн Яам, ТӨБЗГ-ын олон журам дүрэм бий. Гэсэн ч эрх мэдэлт захирлууд энэ дээгүүр тоохгүй алхаад л гардаг. Соёл урлагийн ажил үйлчилгээг хүртэл хамгийн өндөр үнэтэйгээс нь шилж байгаад л авдаг болжээ. “Мөнгөтэй хүн хөгжим захиалдаг” гэдэг үг тэдний үйлдлээс бодитойгоор харагдаж байна. “Эрдэнэс Таван Толгой” компанийн энэ мэт тансаглалд цаашид хэдэн арван сая төгрөг үрэгдэхийг бид таашгүй.