Энэ сайхан ажил П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад буюу 2019 онд болжээ. Компани Монголын мэтгэлцээний нэгдсэн нийгэмлэгтэй нийт 49 сая төгрөгний гэрээ байгуулжээ. Бодвол сургалт авсан биз. Цахимаас шүүсэн мэдээлэлээр тус нийгэмлэг нь оюутны холбоодтой хамтран үндэсний уран илтгэгчийг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан байна. Хар ухаанаар бодоход дарга захирлуудад “мэтгэлцэх” чадвар хэрэгтэй биз. Тэгээд ч “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-нд хувь эзэмшдэг “Эрдэнэс Монгол”-ынхон сайн мэтгэлцэж маргалдаж чадахгүй бол төрийн төлөөллийг хэрэгжүүлэхэд “бэрх” байх. Сүүлийн хоёр жилд тус компанийн ашиг орлого өссөн нь захирлуудын мэтгэлцэх чадвар сайжирсантай холбоотой байж болох юм. Одоогийн захирал Д.Хаянхярваа нь намын дарга Ерөнхий сайдтайгаа хэрэлдэж байсан гээд парламентийн “мэтгэлцээний” арвин туршлагатай нэгэн. Шилэн дансны мэдээллээс шүүхэд Монголын мэтгэлцээний нэгдсэн нийгэмлэг нь бас л “хөдөлгөөнтэй” ТББ аж. Энэ оны 6-р сард “хүүхдийн хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулах” гээд Эрүүл мэндийг дэмжих сангаас 8,5 сая төгрөгний урьдчилгаа авч байжээ.