alim.mn | 2024.12.23
Тусгаарлалтын 21 хоногийг 14 болгожээ
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ. Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв
“Ковид-19” цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв. Цаашид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа бүх байгууллага, ажилтан, алба хаагчид болон Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа иргэдэд талархал илэрхийлэв. Хөл хорионы дэглэмийг бууруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал байгааг тэмдэглэв. Хүн бүр амны хаалт зүүх, хоорондын зай барих, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, дархлаагаа дэмжих зэргээр өөрсдийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалахад онцгой анхаарах цаг ирж байгааг хэлэв. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эрсдэлийг 10 дахин бууруулж, голомтуудыг хяналтад авсан, халдвар авсан хүний тоо цөөрсөн, 557 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн, экспортын гарцуудаа хянаж эдийн засгийн гол судсуудаа хамгаалсан зэргийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сулруулахаар болжээ.
Цаашид:
1. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах
2. Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх
3. Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавьж байх
4. ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах
5. Цар тахлын талаархи үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах
6. Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, хот, суурины усан хангамж зэрэг 18 байгууллагаас бусад байгууллагын ажлыг зогсоосон. Үүнээс болж зарим аж ахуйн нэгж, байгууллага болон бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсээд байна. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шимтгэлээ ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Төсөл батлагдсанаар 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөнө.
Товч мэдээ
- “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгахтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлав. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргана. “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн зсгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн зургаан бодлого, 23 тэргүүлэх зорилго, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээ хэрэгжүүлнэ.
- Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ онд мал, тэжээвэр амьтдын тооллого явуулахгүй. Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ