Сүүлийн үед төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх нэрээр дарга нар бие биедээ найр тавих нь хавтгайрчээ. Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал асан Х.Бум-Эрдэнэ олон байртай Монголбанкны Ахлах хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн шуугиан тарьсан. Энэ шуугиан намдаагүй байхад ахиад л өнөөх Х.Бум-Эрдэнийн тушаалаар дөрвөн байртай Сангийн яамны хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэгт 45сая төгрөгний тусламж үзүүлжээ. Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгийн А/374 тоот тушаалаар нэр бүхий 18 ажилтанд тус бүр 30 сая төгрөгний орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна. Энэ нийтдээ 540 сая төгрөг болсон. Орон сууны дэмжлэг авахад тухайн байгууллагадаа гурваас доошгүй ажил ажилласан байх, ажлын үр бүтээл гаргасан зэрэг тодорхой шаардлага байдаг. Гэтэл төрийн олон байгууллагад энэ нь дарга нарын үзэмжээр шийдвэрлэгддэг болоод байна. ТНБД-ын тушаалаар орон сууцны дэмжлэг авсан хүмүүсийн дунд жолооч, цэвэрлэгч нар байгаа эсэх нь тодорхойгүй. Мөн бүгдэд нь ижилхэн 30 сая төгрөг өгсөн нь хачирхалтай. Хэл ам хэрүүл маргаан нь одоо болтол тасраагүй байгаа Дипломат-95 байрыг хувьчлах нэрээр тухайн үеийн ГХЯ. ДБҮГ-ын дарга нар хуваан авсан байдаг.