Хоёр жилийн өмнө МАН энэ аймагт эрх барьж байхад гарсан хэрэг сая л шийдэгджээ. 2017 оны хавар Увсын “Дулааны станц -2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Сайнжаргал нутгийн ах болох Сангийн сайдтай нь нэр холбогддог “Хотгор шанага” уурхайн захирал Сун Ху Ёнтай гэрээ байгуулж “Вейбэн трак” маркийн шланзыг 35 сая төгрөгөөр худалдаж авчээ. Түүнийг захирлаар ирэхээс өмнө станц нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендер зарласан байжээ. Захиралтан өмнө нь байгуулагдсан үнэлгээний хороог тараан, дарга нь болох ерөнхий инженерээ халжээ. Хэлсэн гүйлгээг нь хийлгүй, өөдөөс нь хууль ном ярьсан нягтлан бодогчоо хүртэл ажлаа өг гэсээр халагдах өргөдлийг нь гаргуулжээ. Ингээд өөрийн ажилд авсан хүмүүсээр голдуу бүрдүүлсэн Үнэлгээний хороог байгуулж ерөнхий инженерээр даргалуулад тендер зарлажээ. Гэхдээ энэ сонгон шалгаруулалт нь хошин шогийн жүжиг шиг болж дууссан. Захиралтан худалдаж авсан машинаа Даймаа гэдэг хүний нэр дээр урьдчилан шилжүүлсэн агаад тэрээр тендер зарлахаас өмнө Үнэлгээний хорооны даргад материалаа хүнээр дайж өгүүлжээ. Улмаар сонгон шалгаруулалт дуусаагүй байхад Дулааны 2-р станцаас 40 сая төгрөгийг Даймаагийн дансанд урьдчилан шилжүүлсэн аж. Үүний дараа Үнэлгээний хорооныхон захиралдаа өөрийх нь машиныг худалдаж авахыг зөвлөсөн “шийдвэр” гаргажээ. Ингээд тендерт “ялсан” Даймаад нийт 95 сая төгрөг орж ирсэн. Тэрээр бүх мөнгөө Ю.Сайнжаргал болон түүний эхнэрийнх нь дансанд хийжээ. Хэрэг илэрсэний дараа Дулааны 2-р станц экс захирлаасаа хохирлын 25 сая төгрөг нэхсэн байна. Гүйцэтгэх захирал асантай хамт түүний багуулсан Үнэлгээний хорооныхон хэрэгт татагдсан. Гэмт хэрэг үйлдэж олон мөнгө гэдгийг нь мэдсээр байж авч ашигласан гэдгээрээ эхнэр нь мөн холбогдсон байна. 95 сая төгрөгөөс 65 сая нь эхнэрийх нь дансад оржээ. Болсон явдал өнгөрсөн жилүүдэд Увс аймагт МАН-ынхан хэрхэн дураараа дургиж байсныг харуулсан. Ю.Сайнжаргал нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан гэнэ. Аймгийн АН-ынхан түүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын багт оруулан шүүмжилдэг байжээ.