Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг эхэллээ.
Чуулганаар УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Яагаад Ерөнхийлөгчид заавал 50 нас хүрсэн хүн дэвших ёстой юм бэ. Үндэслэл нь юу юм? Яагаад 50 наснаас доош хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болдоггүй юм бэ. Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд дэвших эрхтэй юм уу. Өмнөх Ерөнхийлөгч нар дэвших эрхгүй биз дээ.
Тов тодорхой хариу өгмөөр байна. Хөдөлмөрийн үндэсний нам, Зөв хүн электорат эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй дөрвөн субьектын нэг. Бид эрхээ эдэлмээр байна"
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Процедурын шинжтэй 71 санал хураах юм байна л даа. Надад асуух юм байхгүй болсон. Бид өөрсдөө хуулиараа зардлаа өсгөөд байна. Нэг хүнд ногдох сурталчилгаа хийдэг хүний тоо гэдгээ болих хэрэгтэй.
Дөрөвхөн хүний санал тоолох учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох хэрэгтэй. Намайг Ерөнхий сайд байхад нөгөө Мөнхбат гэж нөхөр дээл өмсөөд л талбай дээр хар машин шатаасан шүү дээ. Тэрнээс хойш хар машинд хайртай болсон байна лээ. Би хартай болчихоод байгаа юм. Хар машин хаана байгаа вэ"
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Би тантай санал нэг байна. Манайх сонгуулийн зардал хамгийн өндөртэй орнуудын нэг байна. Сингапур улс л гэхэд нэг хүнд нэг сингапур доллар байна гэж байгаа юм. Сонгуулийн зардлыг хөөсрүүлдэг, өсгөдөг нөхцөл байна. Цаашдаа улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, мөнгөнөөс хамааралтай сонгууль хийдгээ болих хэрэгтэй байна. Нэр дэвшигчдэд гарааны ижил нөхцөл олгож, зардал ижил байхад анхаарах хэрэгтэй байна"