Алдарт боксчин Майк Тайсон саяхан нэгэн радиод шууд ярицлаганд орох үедээ энэ түүхийг дэлгэжээ. Анхны эхнэр Робин Гивенс данснаас нь 12 сая долларыг хулгайлан нууц дансандаа хийсэн байжээ. Салах үед Майк Тайсон үүнийг мэдээд өөрийх нь шүтэн бишрэгч теллерийн ачаар буцааж хулгайлан бэлнээр гаргаж авсан байна.
Майк Тайсон : Гивенсээс салах үед түүнийг мөнгөн дээр нохой зан гаргасныг гадарласан. Нэлээд их доллар надаас “туучихсан” болох нь мэдэгдсэн. Тэр үед Гивенс миний дансанд нэвтрэх, ойр зуурын зардлын гүйлгээ хийх эрхтэй байсан юм. Ингээд би бөөн уур савсуулаад банкны салбар дээр тууж очлоо. Салбарын эрхлэгчтэй уулзахад бараг мөнгөнөөс 12 сая доллар сох дутдаг юм банйа. Банкныхан Гивенсийг дээрх мөнгийг надад мэдэгдэлгүйгээр гаргаад өөрийн нууц дансандаа хийчихсэн гэдгийг хэлсэн. Би ч цамнаж гарлаа. Гэсэн ч өөдгүй хүүхэн гүйлгээ хийх эрхээрээ нэгэнт гаргаад өөрийнхөө дансанд хийчихсэн, бас дансны нууц кодыг банкныхан хэлэх эрхгүй,бас би мэдэхгүй байсан тул яах ч аргагүйдээ тулдаг юм байна. Энэ үед нэг теллер над руу сэмхэн дохилоо. Би ч учрыг гадарлаж өрөөнөөс гаран жорлонд түүнтэй уулзсан. Азаар тэр миний шүтэн бишрэгч дээр нь эхнэр миний данснаас мөнгө хулгайлсаныг сайн мэдэж байсан. Тэгээд надад Гивенсийн дансны кодыг өгдөг юм байна. Ёстой сайн залуу. Хууль зөрчиж хэрэгт унаж магадгүйгээ мэдсэн хэрнээ надад тусалсан даа. Ингээд нууц дансны кодоо хэлээд л салбарын эрхлэгчийн өрөөнд орсон. Мөнгөө яг одоо бэлнээр буцааж авна гэж шаардаж тэд ч өгөхөөс өөр аргагүй болсон. 12 сая долларыг бэлнээр гаргаж авна, зөөнө гэж ямар их ажил болохыг мэдэж байна уу ... Арнольд Шварцнеггер ч ганцаараа дийлэхгүй дээ ... би нэг найз руугаа утасдаж дуудаад бид хоёр банкны бэлэн мөнгөний агуулахаас зөөж гарлаа. Бүхэл өдрийн ажил болсон. 50-100 мянгаар нь цүнхлээд л зөөж гарган фургондоо хийгээд байлаа. Бид хоёр хөлстэйгөө хутгалдаж бүр ядарч сульдсан. Дунд нь хэдэнтээ амарч хоол захиалж идлээ. Кока кола хэдийг ч уусан юм бүү мэд ... Ингэж мөнгөө буцааж авсан даа ...
Хөтлөгч : Эхнэр тань мэдээд яасан бэ ..
Майк Тайсон : Тэр мэдээд яадаг юм. Юу ч хэлж чадаагүй. Өөрөө надаас хулгайлсан юм чинь. Хэрвээ хэл ам хийвэл өөрөө л хэрэгт орно ч дээ ... Харин нөгөө тусалсан теллерд би 100 мянган доллар өгсөн.
Тайлбар : жүжигчин Робин Симона Гивенс 1988 онд Майк Тайсонтой суусан. Гэхдээ гэрлэлтийн гэрээ байгуулаагүй. Тэр ондоо тэдний харилцаа муудсан. Гивенс зодуулсны улмаас үр зулбасан гэж хэвлэлд мэдэгдсэн бол Майк Тайсон эхнэрээ мөнгө хулгайлсан гэсэн. 1989 онд Гивенс 10 сая доллар аваад салсан.