Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор Монгол Улсын нийт өрхийн цахилгаан, дулаан, усны мөнгийг тэглэх шийдвэр гаргалаа. Монгол Улс 900 мянган өрхтэй бөгөөд айл өрхүүдийн 100 ам.метр хүртэл талбайн дулааныг төр хариуцна.
Түүнээс дээших талбайн дулааны төлбөрийг айл өрхүүд өөрсдөө хариуцах юм. Цахилгаан, дулааны төлбөрийг тэглэснээр айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэл бий юү? гэсэн сэтгүүлчийн асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.
Тэрбээр, Төрөөс цахилгаан дулаан эрчим хүчний төлбөрийг хариуцаж байгаатай холбоотой хэрэглээ огцом нэмэгдэж, эх үүсвэрийн дутагдал орох эрсдэлтэй. Иргэд, ААН-үүд хэрэглээгээ зохицуулж, төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, хамтарч ажиллана гэж найдаж байна.
Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний 738 мянган хэрэглэгч цахилгаан, дулаан хэрэглэх гэрээтэй. Үүнээс 728 мянган хэрэглэгч, цахилгаан дулааны эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд хамрагдана. Нийт хэрэглэгчийн хоёр хувь буюу 9100 хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдахгүй гэв.
Ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэснээр хэрэглээ огцом нэмэгдвэл эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс ус, цахилгаанаа жирийн үеийнхтэй адил түвшинд хэрэглэхийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уриаллаа.