
Ийм нэгэн явдал Тайландын Бангкок хотноо гарчээ. 23 настай Порнтида Чамнанвет гэдэг бүсгүй нөхрийн хамт нэгэн үйлдвэрт ажилладаг байжээ. Бүсгүй хонжворт сугалааны тасалбар байнга худалдаж авдаг агаад хамгийн сүүлийнхэд нь зургаан сая бат буюу бараг 60 гаруй сая төгрөгийн хонжвор таарчээ. Эхнэр нөхөр хоёр эхлээд эвтэйгээр хонжворын мөнгөө тэнцүү хувааж авахаар тохирчээ. Азын сугалаа таарсан, мөн хуваах нөхцлөө албан ёсоор баталгаажуулахаар цагдаагийн хэлтэст ирж мэдэгдээд дурсгалын зураг хүртэл авахуулсан байна. Гэсэн ч тэндээс гарангуут нөхөр нь “хуваалт шог байна” гээд өөрт нь дөрвөн саяыг өгөхийг шаарджээ. Энэ маргаан гэртээ ирсэний дараа ч үргэлжилж сүүлдээ хэрүүлд тулжээ. Хожлын тасалбар худалдаж авсан эхнэр нь яагаад ч зөвшөөрөөгүй тул 34 настай нөхөр нь уг тасалбарыг хулгайлаад зугтжээ. Бүсгүй тэр дор нь цагдаад мэдэгдсэн агаад хонжворт сугалааны компанид өөдгүй нөхөрт нь хожлын мөнгийг өгч болохгүйг үүрэгджээ. Мөнгийг ганцаараа авч чадахгүйгээ мэдсэн нөхөр эцэст нь эхнэртээ буцаж иржээ. Одоо тэрээр гурав хүртэл жил хорих ял авах аюулд унаад байна.
