
Энэ явдал өнгөрсөн хавар буюу Урт цагааны үйлчилгээний төвийн ус цахилгаан, дулааныг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас тасалсан үед болжээ. Дулаан цахилгаанаа таслуулсан түрээслэгчид тус төвийн 5-р корпусын зэмшигч “Хар чоно” компанийн захирал, гавьяат балилгачины өрөөнд орж ирэн гомдол мэдүүлжээ. Тухайн үед төвийн ус цахилгааныг таслах хотын дарга С.Амарсайханы захирамжийг түдгэлзүүлэхээр шүүхийн шийдвэр гарчихсан байсан аж. Гавяат барилгачин тус газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Төмөрбаатарын утасны дугаарыг олуулж аваад залгажээ. Яриа эхэндээ намуухан эхэлсэн байна. “Та нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3-р сарын 19-ний өдрийн 2195 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, яагаад хууль зөрчиж, хувийн өмчид халдаж байна вэ” гэхэд өөдөөс нь төрийн албан хаагчийн ёс зүйд баймгүй муухай үгээр харааж, “Чи бол Урт цагааны феодал, чам шиг хүнтэй бид тэмцэнэ” гэсэн тул тэвчээр алдагдсан гэж гавьяат барилгачин мэдүүлсэн. Харин Д.Төмөрбаатар өөр зүйл ярьжээ. Түүнийг газрынхаа хэлтсийн дарга нар, хуулийн зөвлөхтэй сууж байхад “Хар чоно” компанийн захирал “Урт цагаанаас ярьж байна” гээд шууд хүрээд ир дүүжилнэ гэх зэргээр загнаж зүхэж эхэлсэн гэнэ. Үүнийг заналхийлэл гэж үзээд утасныхаа яриаг спикер дээр нь тавьж байгаад ажлынхандаа сонсгожээ. Дараа нь яриаг СД дээр хуулж авсан байна. Тэрнийг нь сонссон гавьяат барилгачин “өөрийнхөө хэлсэн муухай үгийг хасаад миний хэлсэнийг нь л буулгасан байна” гэжээ. Гэхдээ хэд хоногийн дараа орлогч даргын үүрэг гүйцэтгэгч болон гавьяат барилгачин хоёр тэврэлдэн эвлэрсэн гэнэ. Урт цагаанаас болж хотын захиргаа болон 500 гаруй түрээслэгчийн хооронд “дайн” гарах дөхсөн. Хотынхон ус цахилгаан, дулааныг нь тасалсан ч гавьяат барилгачин нарын зоригт тэмцэгчид байсан тул яаж ч чадалгүй тавхан хоногийн эргээд залгасан удаатай.