
Уйлсан нь нөлөөлсөн баймааргүй ч “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймаг дахь “Номин даатгал”-ын эрхлэгч Н.Алтанцэцэг нарт холбогдох 2,4 сая төгрөгний хахуулийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгажээ. Хэргийн тухайд 2018 онд гарсан агаад Өмнөговийн “Номин даатгал” нь аймгууд дундаа тэргүүлдэг салбар гэнэ. Харин орон нутгийн “Тавантолгой” ХК алдартай компаниудын нэг. Тус компани эд хөрөнгөө 53,7 сая төгрөгөөр “Номин даатгал”-д даатгуулахаар гэрээ хийгдэн материал нь Санхүүгийн албаны дарга Г.Шүрэнцэцэгт иржээ. Тэрээр даатгалын ийм гэрээ хийгдэж байгааг огт “мэдээгүй” юм байх. Үзтэл гэрээнд өөрөөс нь бусад дарга захирал нар бүгд гарын үсэг зурчихсан байжээ. Тэгээд ч оны эцэс болж байсан тул “Тавантолгой”-гоос мөнгө орж ирэх нь “Номин даатгал”-д маш хэрэгтэй байжээ. Ингээд сууж байтал 2018 оны 11-р сарын сүүлээр өнөөх даатгалын үлдэгдэл мөнгө ороод иржээ. Санхүүгийн хэлтсийн дарга хүлээлгэж байсан мутрын үсгээ зурсан тул “Номин даатгал”-ын эрхлэгч “сэтгэлийн бэлэг” барихаар шийдэн Г.Шүрэнцэцэгийн дансанд 2,4 сая төгрөг шилжүүлжээ. Мөнгийг буцааж өгөх гэтэл авсангүйд компанийхаа ахмадуудын шинэ жилд зарцуулсан агаад өөртөө аваагүй гэнэ. Хоёр эмэгтэй энэ бүхнээ үнэнээр өчиж шүүх хуралдаан дээр уйлжээ. “Номин даатгал”-ын эрхлэгчийн тухайд өмнө нь “Тавантолгой” ХК-ийн нягтлан бодогчид “харилцагч татсаны урамшуулал” хэмээн нэг сая төгрөг өгсөн нь илэрсэн байна.
