Төрийн байгууллагын дарга нар шинэ машин худалдан авах, шинэ дарга сандалд суух гэсэн хоёр хэлбэрээр “бөгсний загатнаа”-гаа гаргадаг. Энэ оны хавар А.Тлейхан даргатай Эрчим хүчний зохицуулах хорооны дарга нар дарга сандал ширээнд заларч “загатнаагаа” гайгүй сайн гаргаад авчээ. Дарга комыг хоёр компаниас нийтдээ 24,2 сая төгрөгөөр худалдан авчээ. Мөн өрөөнүүддээ засвар оруулахаа мартсангүй. Дээрхи худалдан авалтаа Шилэн дансны мэдээлэлд “дарга ширээ сандал ком” гэдгийг нь хасаад “тавилганы үнэ” хэмээн оруулсан байна. Дарга А.Тлейханыг нь даруухан л гэдэг. Наанаа даруухан мэт ч цаанаа Эрдэнэт үйлдвэрийн дарга нараас нэг их ялгарахгүй хүн аж. Төсвийн хэмнэлт, тэвчиж болох зардлын тухай дээр дооргүй ярьж байгаа энэ үед 25 орчим сая төгрөг нь бага мөнгө огт биш юм.