alim.mn | 2025.04.20
“Гаалийн” Х.Баатар нэг өдрийн дотор таван захирал, даргаа нийт 8,1 сая төгрөгөөр шагнажээ

“Гаалийн” хэмээх Х.Баатар Хөдөө аж хуйн биржийг ихээхэн шуугиантай удирдаж байна. Энэ байгууллага гаднаа ч хэл амтай, дотроо ч хэл амтай явна. Дотоод шуугианы нэг нь энэ оны 8-р сарын 10-д гүйцэтгэх захирал Х.Баатар гэнэтхэн удирдлагын багаа нийтдээ 8,1 сая төгрөгөөр шагнасан явдал юм. Үүнд цар тахлын үед ноолуурыг зах зээлээс харьцангуй өндөр үнээр авах ажилд үр бүтээлтэй ажилласан хэмээн Захиргаа дотоод аудитын хэлтсийн захирал Б.Чулуунбаатараа 1,5 сая, Мэдээлэл технологийн хэлтсийн захирал А.Алтанхуягаа бүр гурван сая төгрөгөөр шагнажээ. Шагналын хэмжээнээс харахад нэг дарга нь нөгөөгөөсөө нэг дахин сайн ажилласан болж байна. Гэхдээ хаврын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах ажиллагаа ихээхэн хэл ам, маргаан дагуулж өндөрлөсөн. Х.Баатар мөн энэ өдрөө ахин тушаал гаргаж удирдлагын багийн үлдсэн гурван дарга, захирлаа бас шагнажээ. Эхний хоёр дарга ноолууранд сайн ажилласан хэмээн шагнуулах шалтгаантай байсан бол нөгөө гурван даргаа зүгээр л “идэвхи санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан” хэмээн урамшуулсан байна. Ингээд Төлбөр тооцоо ложистикийн хэлтсийн захирал Ц.Дуламсүрэн, Стратеги, судалгаа хөгжлийн хэлтсийн захирал Д.Баярсайхан, Арилжааны хэлтсийн дарга Р.Алтай нараа хэн нь ч гомдож барьцахгүйгээр тэнцүүхэн 1,2 сая төгрөгөөр шагнажээ. ЖДҮ-чин УИХ-ын гишүүд бүгд 950 сая төгрөг авсан шиг энэ гурван дарга нартаа ижил хэмжээний шагнал өгсөн нь цаанаа учиртай биз. Ийнхүү нэг өдөрт багтаан нийт дарга, захирлаа шагнасан нь Х.Баатар тэдэндээ машид сайнаар ханддагийн “илэрхийлэл” гэхэд болох байх. Удирдлагын баг нь ч Х.Баатар захирлынхаа энэхүү далай мэт хайр халамжийг хөдөлмөрийн өндөр амжилтаар хариулж буй биз ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ