
Төрийн алба болон төрийн өмчит компаниудад удирдлага нь бие биенээ шагнаж урамшуулал явдал хавтгайрч утгаа алджээ. Энэ нь голдуу тамга хүлээлцэх явдал хэл амгүй явагдсан газруудад болж байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Энэ оны 8-р сарын 5-нд Засгийн газрын тогтоолоор Н.Ууганбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаа томилсон. Тус газрын бараг л “мөнхийн” дарга гэгдэж байсан Д.Мөрөн шинэ даргадаа суудлаа өгөөд өөрөө дэд нь болсон. Н.Ууганбаяр тамгаа авсанаас хойш арваадхан хоногийн дараа Д.Мөрөнгөө 1,8 сая төгрөгөөр шагнажээ. Шагнасан үндэслэлээ “байгууллагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажилд он удаан жил зүтгэсэн” хэмээн заасан байна. Шагнах эс шагнахын тухайд бус харин шинэ дарга хуучин даргаа шагнадаг, энэ нь тамга хүлээлцэх үйл явцын нэг хэсэг шахуу болж байгаа нь л хачирхалтай юм. Тэгээд ч Д.Мөрөн удирдсан байгууллагаасаа заавал мөнгөөр шагнуулаад байхаар ядуу хүн биш байх ... Н.Ууганбаяр өмнөх даргаа шагнах л гээд байсан юм бол дурсгалын зүйл өгч болох л байсан.

