МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус чуулган энэ сарын 28-нд болно. Уг байгууллагын ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн аравдугаар сарын 3-нд “өөрийн хүсэлтээр” ажлаа хүлээлгэн өгсөн тул дараагийн ерөнхийлөгчийг сонгохоор болоод байгаа юм. Тиймээс уг албан тушаалд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгч Б.Баттүшиг, Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монголын даамны холбооны дэд ерөнхийлөгч асан Ч.Бат-Эрдэнэ, хөнгөн атлетикийн холбооны “генсек” Ч.Зоригтбаатар нар өрсөлдөхөөр болжээ. Мөн “Олимпийн амьд нэвтэрхий толь” гэгддэг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Отгонцагаан, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг ч нэр дэмшиж магадгүй гэсэн яриа гарч байна.