alim.mn | 2024.12.22
Жүжигчин А.Ганчимэг хуурамч QR кодоор зорчиж байжээ

Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар энэ сарын 23-ны 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Улмаар халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөл хориог дахин сунгаж, нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахаар болоод байгаа.

Энэ хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын үеэр зайлшгүй ажиллах шаардлагатай 13 салбараас гадна хүүхэд хамгаалал болон банкны салбарыг нэмэгдүүлж, нийт 15 салбарын автомашинууд замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болсон. Ингэснээр зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдаж байгаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Урьдын адилаар 15 зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдана. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд явдаг нийт 23,902 автомашиныг бүртгэлжүүлсэн. Үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын чиглэл болон төрийн захиргааны зарим байгууллагын ажилтанд QR код олгоно” хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл дээрх байгууллагуудын зүгээс 50 мянга гаруй автомашинд зөвшөөрөл авах хүсэлт ирүүлснээс 30 мянган автомашинд зөвшөөрөл өгөөд байгаа аж. Гэтэл эдгээр зөвшөөрлийг НЗДТГ-ын нэр бүхий албан тушаалтнууд бусдад бэлэглэсэн, худалдсан гэх хэрэг гарч, албаныхан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад, тусгай чиг үүргийн байгууллагын нэр дээр гаргасан QR кодыг тус газарт ажилладаггүй, хамааралгүй этгээдүүд ашиглан, замын хөдөлгөөнд оролцож байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлжээ. Тухайлбал, жүжигчин А.Ганчимэг нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр QR код авч, автомашинаараа хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогджээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба  QR эзэмшиж байгаа иргэдийг тухайн байгууллагад харьяалагддаг эсэхийг нягтлан шалгаж байгаа ажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ