“СҮ” ОВОГТОД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛ ОЙРХОН УУ
“Хааны нэртэй буудлыг хэдэнтээ арилжсан тэр ХААН СЭНТИЙД санаархаад эхэлчхэж. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш тэгж л байг” гэх зэргээр иргэд, улстөрийн хүрээнийхэн жиргээд эхэлж. Энэ ярианаас ХЭН БЭ гэдгийг төвөггүй мэдэв.
Тэр бол “Сү”. Тэрбээр улстөрд орж ирэхдээ “Дамдины Сүхбаатарын хүү” хэмээгдэн орж ирж байсан нь саяхан мэт.1990 оноос өмнө бизнесмен байсан гэх тэрбээр бизнесийн ухааныг улстөртэй хослуулж чадсан нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэртээ 1986 онд баригдаж эхэлсэн Чингис хаан зочид буудал 1990 оны ардчилсан хувьсгал буюу нийгмийн өөрчлөлт, улс орны эдийн засгийн улмаас царцсан байсныг 1991 онд банкны зээлээр барьж дуусгах аргыг төр авч хэрэгжүүлсэн байдаг. Харин хожим нь буюу 1994 онд банкны зээлийн төлөлтөд хүндрэл гарахад зээлийн гэрээгээр уг буудлыг хувьчилсан аж. Тухайн үед яг ийм байдлаар төрийн өмчит 20 гаруй барилгыг хувьчилсан байдаг юм билээ.
Энэ л үед Сү.Батболдын “Алтай трейдинг” гэж компани 6.2 тэрбум төгрөгийг төлнө гэсэн “Зээлийн гэрээ”-гээр Чингис хаан буудлыг авсан түүхтэй. Хожим нь тэрхүү 6.2 тэрбум төгрөг төлөгдсөн эсэх тухай ер сонсогдоогүй хэрнэ “Сү” Чингис хаан зочид буудлыг хэд хэдэн удаа зарж, авч дундаас нь ашиг олсон гэх яриа гарч байсан нь өнөөдөр ТҮҮХ болон үлдэж.
Үүнийг өгүүлэхийн учир нь тэрбээр улстөрд орж ирэхдээ анх Чингис хаан зочид буудалтай холбоотойгоор орж ирсэн учраас л тэр. Түүний дараа дараачийн олон бизнесийг өгүүлж болох ч энэ удаа ХААН СЭНТИЙД залрах хүслээ нууж чадахгүй байгааг нь л онцгойлохоор шийдэв.“Аз хүү байвал ёоз хүүгээр иднэ” гэдэгт тэр итгэж байж мэднэ. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэгэнтээ “Манай намд бэлтгэгдсэн боловсон хүчин олон бий” гээд хагас жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэрийг "бас байж болох л хүн” гээд зарлачихсан учир мань хүн ёстой л загтнасан газар нь маажив гэгчээр болж “Нам надад итгэвэл үзээд алдана” гээд маадгар байгаа аж.
Яамны мэргэжилтнээс бизнесмен, тэрбумтан, компанийн захирал, дэд сайд, намын дарга, Монгол Улсын 26 дахь ерөнхий сайд хүртэлх албан тушаалыг хашсан түүнд “Олигтойхон нүүж чадвал ХААНЫ СЭНТИЙ ойрхон” гэж бодогдож, харагдаж байгаа нь лавтай. Түүнийгээ ч нууж хаалгүйгээр “Нам итгэл хүлээлгэвэл...” гээд ёстой л ЧИН ШУДАРГААР хэлчхэж.Гэхдээ өнөөдөр өөрсдийгөө УЛСТӨРЧ гэж нэрлээд байгаа СЭНТИЙН ТӨЛӨӨ өрсөлдөгчдөд ард түмэн “Улс эх орон, ард түмнийхээ тусын тулд юу хийсэн бэ” гэх ганцхан шалгуурыг л тавьж байгаа.
Хэдийгээр ГАНЦ АСУУЛТ, ГАНЦ ШАЛГУУР мэт ч ард иргэдэд бол амар тайван, ядуурал, өвчин зовлон, гутралгүй амьдрах нөхцөл гэх зэргээр шар нар бор хоногийг өнгөрөөх тухай нь. Гэхдээ лавшруулвал Үндсэн хуульд заасан иргэний амьд явах эрхийг хэрхэн хангаж байгаа асуудал юм. Нэгэн цагт бараг л “МАНГАС” болоод байсан Намбарын хүүгээр улстөрд хөтлүүлэн орж ирсэн “СҮ” овогтод ард түмэн итгэнэ гэдэг юу л бол.
Учир нь тэбрээр ардын хувьсгалын төлөө цогтой тэмцэгч Цагаан дээлт Дамдины хүү Сүх биш мөнгө хүүлэгч “СҮ” овогт шүү дээ. Энэ нэрийг түүнд ард түмэн хайрласан юм.
Ийм байхад түүнд Ерөнхийлөгчийн сэнтий ойрхон харагдаад байна гэж үү дээ. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр Чингис хаан зочид буудлаас гадна 5.6 тэрбум гаруй нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын лицензийг хувьдаа авсан, Канадуудтай нийлж Бороогийн алтны ордыг цөлмөсөн гэх БАРААН МЭДЭЭЛЭЛ өдгөө ч түүнд наалдацтай хэвээр байдгийг ч сануулах хэрэгтэй байх.
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Unshigch
3 жилийн өмнө
94.46.65.109
Yamarch ard tumnee gesen setgel zurhgui amitniig tanij medej avsan daa bayartai baina, Uls ni yaduuraad ooriinhoo ed horongiig l nemj yavdag adgiin shunaltan yu baina.
Төстэй мэдээ