alim.mn | 2024.12.22
ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН НАЙРАГЧ

(ТҮҮН ШИГ НЬ ҮГҮЙ)

Би-

Цаг тооны үргэлжлэл

Цагаан сүүний ургамал...

Тэрээр ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН НАЙРАГЧ байлаа. Түүнд ҮХЭЛ-ээс өөр тоож гуйх юм үнэхээр байгаагүй гэдэгт би итгэдэг. Юу гэхээр, тун ховорхон тохиох эл ХАЧИН БОДГАЛЬ нэгэн биед цогцолсон суу билгээрээ гайхуулж амьдарсан юм. Түүний анхны ном нь болох “Уянгын тойрог” хэмээх бяцхан түүвэр ямар их шуугиан тарьсан нь сэтгэлд тодхон байна. Тэр бол миний хамгийн гоё дурсамж. Чухам эл дурсамжтайгаа хамт би өдий хүрчээ. Номын санч эгчийн минь авчирч өгсөн тэр түүврийн шинэхэн цаасны үнэр эдүгээ сэтгэлд үнэртэх шиг. Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа би Б.Лхагвасүрэн хэмээх аугаа их найрагчтай тийн учирсан юм. Өөрөөр хэлбэл, чимээ алдран таг дүнсийж асан яруу найргийн ертөнцийг тэрбээр цочир сэрээж, тэндээс тархсан эрчимт долгионы үелзэл нь алс баруун хязгаарын нам гүм сууринд суугч дунд сургуулийн сурагч надад хүрсэн нь тэр.

Байдуу Мянганы уулсаа дуурайн

толгойд буурал сууж

Багадаа хөхсөн эхийн сүү

гадагшлахын цагт

Шүлгээ би чам дээр

Хүн-чулуу шиг орхиод

Сүүдрээ дарж унахдаа

Элгийг чинь цөмлөн шингэнэ,

Боржигоны бор тал минь!

Б.Лхагвасүрэн найрагчийг зарим хүмүүс элдвээр ярьдаг асан. Гэхдээ илт шүүмжилж байхыг би лав сонсоогүй.  Тэгэхээр, яригдана гэдэг, магадгүй, жинхэнэ уран бүтээлчийн тавилан ч юм бил үү. Нэг гэм нь түүний талаар тааруухан үгс унагадаг хүмүүс нүүрийг нь хармагц эргэж шарвах нь хэцүү. Түүний өндөр нэр хүнд, цалгисан их билиг авъяасын дэргэд бүгд өчүүддэг байсан болоод тэр биз. Тэрбээр бас их олон талтай. Өнгөц харахад л яруу найрагч, зураач, жүжгийн зохиолч, сэтгүүлч, хөтлөгч, шүүмжлэгч, төр нийгмийн зүтгэлтэн... гээд хөвөрч өгнө. Өнгөндөө тийм байсан юм чинь дотоод мөн чанарыг нь тэмтэрч чадсан хүн чухам юунд хүрэх байсан бол?! Гэвч түүнийг ид мандах үеэс нь дагасан олон яруу найрагчдыг хараад байхад Лхагваа ахын тойргоос нэг нь ч хальж гарч чадаагүй санагддаг. Түүний авъяасын цар хүрээ тийм өргөн байж. Бас дахин давтагдашгүй байж.

Тэрбээр авъяастныг их хайрладаг, тэдний өмнөөс олигтой юм хийж чадахгүй яваа гэж өөртөө бухимддаг, бас өөрийгөө их голдог байсан мэт санагддаг. Б.Ичинхорлоо тэргүүтэй залуусыг цойлон гарч ирэхэд Б.Лхагвасүрэн найрагч л нөлөөлсөн гэж ярьдаг. Мөн “Зүс бүгэг андууд” ном хэвлэгдэхэд тухайн үед хамгийн өндөрт байсан тэрбээр (нэрт яруу найрагч төдийгүй Зохиолчдын хорооны дарга байв) “Утга зохиол, урлаг сонин”-д шүүмжлэгч Ц.Энхбатын хамт ярилцлага өгөхөө мэдэгдэж, тэр бүү хэл, Г.Бадамсамбуутай хотод таараад: “Би Урианхайд хэлсэн, чиний хийх гэж ядаад яваа юм чинь ердөө энэ шүү дээ. Энэ залуус хийчихсэн байна гэж хэлсэн!” гэснийг нь Бадма надад яриад: “Багшийг минь тэгж яахнав дээ!” хэмээн Д.Урианхай найрагчийг битүүхэн өмөөрч байв. Гэхдээ, бодоод үзэхэд, Бадмагийн ч бас зөв л дөө. Тэрбээр тэгэхэд Д.Урианхай найрагчид хадаг барьж, шавь ороод удаагүй байсан агаад Д.Урианхай найрагчийн “Үгийн сүү” хэмээх хориотой номын шүлгүүдийг сүүлд үзэхэд: -Юун “Зүс бүгэг андууд” вэ? гэж бодохоор санагдсаныг ч нуух юун! Тэгээд ч, уламжлалгүй шинэчлэл гэж хэзээ ч, хаана ч байгаагүй. Зүйрлэбэл тэр нь өмнөхөө түрж ургадаг цэцгийн дэлбээ лугаа адил.  

Толгойг нь хугалсан хүн-чулуун дээр

Тоймгүй олон хэрээ цуглаж

Нүдийг нь эрнэ

Яагаад тэрбээр их номч Б.Ринченгийн дурсгалд ийм шүлэг өргөв гэж үү? Яагаад гэхээр тэр ч мөн цаг үедээ хэмхүүлж, нухчуулж амьдарсан юм. Тэглээ гээд огтхон ч халираагүй. Цаг үргэлж омог бардам байсан хэдий ч зүрхэндээ ямархан их нулимс тээж явсаныг эдүгээ мэдэх хүн бий гэж үү? “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо нялх багын тоодон бариувчаа уяатай нь хамт гаргаж ирээд: “...ижий минь намайг галын бурханд амсуулахгүй гэсэндээ...” гэхийг сонсоод өөрийн эрхгүй хоолой зангирсан сан! Ассан гал шиг тэр омголон найрагч дотроо тийм л уяхан хүн байв. “Номыг нүдээрээ залгиж, тархиараа зажилдаг” гэж ярьдаг асан Б.Лхагвасүрэн найрагчийн шүлгүүд цаанаа л уншууртай, сэтгэлд шууд наалдах шиг болдог нь амьдралын үнэнийг таньсан их ухаанд нь эхийн умайд тээгдсэн үр хөврөл шиг удтал дуншиж байснаа дэлхийн өвс ногоо шүүдэр нэрж хонодог шиг охь шимийн дээж нь аандаа ялгаран нэрэгдэж гардагаас тэр юм. Тийм шүлэг л зүрхэнд хүрдэг.

Судас нь лугшиж халуу дүүгсэн

Бурхны өвөр дээр тоглодог байсан

Сүнс зайлам харанхуйн дунд

Сүү нөмөрч ундтаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Би

Газар, тэнгэрийн хүү

Дуртгал, маргааш хоёрын хэлхээ

Дуу, нулимс хоёрын голтриг

Хоёр туйлыг холбосон уртраг

Төрөх, үхэхийн дундах бодгаль

Гэрэл сүүдрийн цогц

 

Өөрийгөө элээж

Өрөөлийг ирлэж дуусах

Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий...

Юунаас ч үл эмээн, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг зантай эл их найрагчтай би 2012 оны зун Дарханд ирэхэд нь анх уулзан (өмнө нь бид хоёр олонтаа таарч байсан боловч би эмээгээд ойртож зүрхэлдэггүй байлаа), шүлгийн хоёр номоо барьж билээ. Гэтэл санамсаргүй тохиолоор ч юм уу, нэг номыг нь нээтэл өөрт нь зориулсан “Сая, сая жил” шүлэгтэй хуудас таарсанд тэрбээр цочих шиг болсноо: “Өөртөө зориулсан юманд нугасгүй шүү дээ” гээд инээсэн юм. Түүнээс өмнө нь би Лхагваа ахын телевизээр ярихыг сонсох их дуртай байлаа. Нэг удаа телевиз үзэж суутал хэдэн зохиолч, яруу найрагчид оролцсон нэвтрүүлэг гарч байв. Тэнд лав л Лхагваа ах, Дарь.Сүхбаатар хоёр байсан юм. Тэгээд Чингис хааны тухай яриа өрнөсөнд Дарь.Сүхээ: “Е.Чингис хаан бол...” гээд ярьж эхэлсэнд Лхагваа ах чимээгүй сонсож сууснаа дараа нь: “Би энэ залууг хүндэлдэг л дээ. Ухаантай залуу. Гэхдээ Е.Чингис гэдэг нь Чингис хааны иргэний үнэмлэхний нэр байх” гэхэд би ганцаар савж унатал инээсэн юмдаг. Тэр мэтээс үүдээд Лхагваа ахтай нэгэнтээ энгүүн хүүрнэж суухдаа: “Цөвүүн цагийн нэг шинж нь хурц сийрэг хэлтэн нь цэцэн мэргэнд тооцогдоно гэсэн байдаг гэх юм билээ” гэсэнд тэрбээр над руу нэг л жоготой гэгч харснаа: “Үнэн шүү, Уянсүх ээ! Би тэр хурц сийрэг хэлтнүүдийн тоонд орно. Цэцэд мэргэдээ хүйс тэмтэрсэн болохоор над мэт нь үлдсэн байхгүй юу. Надад үүнээс том тавилан үгүй!” гэж билээ. Тэгэхэд Лхагваа ах “Залуучууд” театрт жүжгийн шалгаруулалтаар ирсэн санагддаг. Би Хүүхдийн Номын Ордонд ажиллаж байв. Нэг өдөр ажил дээр байж байтал аймгийн Боловсролын хэлтэсийн дарга Р.Батжаргал (яруу найрагч, судлаач Г.Бямбажавын нөхөр) утасдаад: “Лхагвасүрэн найрагч ирсэн. Чамайг сураглаад байна. Яг одоо завтай, театрын даргын өрөөнд шатар нүүж сууна” гэнгүүт би сандран хоёр номоо сугавчлаад гарч явтал Г.Бямбажав найрагч залгаад: “Батжаргал надаас чиний утас авсан, ярив уу? Лхагвасүрэн найрагч чамайг асуугаад байна гэнэ” гэсэнд очиж яваагаа хэлээд яаран очсон юм. Түүнээс хоёр жилийн дараа би Дархан ХААИС-ийн номын сангийн эрхлэгч болоод, номын сангийн шинэ өргөтгөлийн нээлтэнд Лхагваа ахыг урив. Намайг утсаар ярихад Лхагваа ах уриалагхан хүлээж аваад: “За, би яг хэлсэн цагт чинь очино. Харин Галсан багшийг аваад очвол яах бол? Орос Галсанг чи мэднэ биз дээ?” гэж байна. Тэгэхээр нь П.Ганхуяг захиралд хэлсэнд: “Бололгүй яахав. Бүр сайн!” гэв. Тэгээд уулзалт болох өдөр яг хэлсэн цагтаа амжиж ирээд (Галсан багш 90 шахам настай атал тэр хоёр нийслэл хотоос Дарханы таксинд суугаад л хүрээд ирсэн юм, тийм л эгэл хүмүүс байж), захирлын өрөөнд орж ирэнгүүтээ: “За, чиний хэлсэн цагт амжих гэж сандарлаа шүү. Чамаас айгаад...” гэсэн нь цаад утгаар: “Уянсүх том хүн шүү!” гэж дам хэлж буй сануулга мэт сонсогдов. Захирал ч тэгж ойлгох шиг болов. Тэгж Лхагваа ах намайг их өндөрт өргөв. Тэгээд яахав, номын сангийн шинэ өргөтгөлийн нээлт болдгоороо болж, Лхагваа ах, Галсан багш хоёр тууз хайчилсаны дараа багш, оюутнуудтай уулзалт хийв. Гэтэл, уулзалт эхлээд удаагүй байхад нэг оюутан сэм босон гарч явсанд Лхагваа ах өмнөх микрофоноо шүүрч аваад: “За, би энэ захирал хүүд нэг юм хэлье! Юун түрүүн энэ оюутнуудаа хавтгай бөстэй болго, тэгэхгүй бол юу ч сурахгүй!” гэсэнд захирлын царай улсхийж, багш нар тэрүүхэндээ сандралдан шивэр-авир хийж, гарч явсан нөгөө оюутан ч удалгүй буцаад ороод ирэв. Түүнээс хойш уулзалт өндөрлөтөл танхимаас нэг ч хүн гарч явж зүрхэлсэнгүй. Чингээд түүний дараа жил нь бил үү дээ, Лхагваа ах, П.Бадарч ах хоёр бас хамт ирж, уншигчидтай уулзалт хийгээд буцахын өмнө, Лхагваа ах олны нүдэн дээр надад: “За, ах нь тун удахгүй чиний тухай том дуугарна аа!” гээд явсан сан. Гэвч, юунд ч үл дийлдэх тэр их омголон найрагчтай би дахин уулзаж амжсангүй.

Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон!

Гэхдээ... Энэ хорвоогийн

үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон,

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Эх сурвалж: mnb.mn

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ