alim.mn | 2024.12.25
Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдож, гадаад руу зугтсан гэх шүүгч Ц.Амарсайхан Монголд иржээ

"Салхитын мөнгөний орд"-ын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг шүүхдээ авилга авсан хэрэгт яллагдаж байсан улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханыг эрүүл мэндийн шалтгаантай хэмээн энэхүү хэргээс тусгаарласан. Биеэ эмчлүүлэх шаардлагатай хэмээн БНСУ-г зорьсон тэрээр нэг жил гаруйн дараа өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор нөхрийн хамт Монголд ирлээ. Тэр энгийн билет бичүүлж авсан ч, бизнес ангиллын суудалд суужээ. 

Өөрөөр хэлбэл БНСУ дахь Монголчууд тэндээ жил орчим гацаж, эх орондоо ирэхээр тэмцэж байгаа ч шүүгч Ц.Амарсайхан хэрхэн ямар байдлаар ирсэн нь тодорхой бусаар барахгүй бизнес ангилалд суужээ. Ц.Амарсайхан улсын дээд шүүхийн шүүгч байхдаа төрсөн хүүгээ Москва дахь МИАТ-ийн даргаар томилуулж байсныг ч энд сануулъя. 

Ц.Амарсайханы холбогдсон хэргийн талаар сануулахад, “Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх үндэслэлээр зургаан шүүгчид улсын яллагч ял төлөвлөсөн байсан юм. 15 хүнд холбогдох 2019,2020 оныг дамнасан хэргийг шүүх шийдвэрлэхдээ  Н.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2-5 жилийн хорих ял оноож, хахууль авсан хэрэгт  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жилийн хорих ял оноосон юм. Мөн нэр бүхий хоёр шүүгчийг авилга авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн цагаатгасан. 

Ийнхүү энэ хэрэгт холбогдох хоёр шүүгч гадаад руу явсан байсны нэг Ц.Амарсайхан Монголд ирлээ. Одоо түүнд холбогдох хэргийг мэргэжил нэгтнүүд нь хэрхэн шүүхийг хүлээх, харах үлдэж байна. Гадаад руу зугтсан өөр нэг шүүгч бол шүүгч нарт авилгын мөнгийг нь зуучилсан гэх хорих 461-р ангид байхдаа амиа хорлосон, гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү шүүгч С.Төмөрбат юм. Тэр гэр бүлийн хамт АНУ-д буй гэх мэдээлэл бий. 

 

Эх сурвалж: urug.mn

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ