Ийнхүү өрөөр баян төрийн өмчит нэг компани эдээр баян бас нэгэн холбоог хагас зуун сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Энэ гүйлгээг “Монголросцветмет” нь 2019 оны 7-р сарын 19-нд буюу наадмын дараа хийсэн. Шилэн дансан дахь гүйлгээнийхээ дэлгэрэнгүйд ММСУХ руу шилжүүлсэн 50 сая төгрөгийн бус харин “Бласт” гэдэг компани руу хийсэн найман сая төгрөгийн шилжүүлгээ оруулж “зальджээ”. Наадмын дараа энд тэнд олон сүржин нэртэй бүсийн хурд гэгч нь болж эд мөнгөөр биеэ чимсэн сагсалзсан таахалзсан уяачид багширдаг. Ийм нэгэн хурд нэртэй уралдаанд “Монголросцветмет”-ийн 50 сая төгрөг үрэгдээд дуусжээ. Гэтэл тус компани нь баячуудын зугааг олон арван сая төгрөгөөр санхүүжүүлэх ёсгүй байсан. Өнгөрсөн онын эхний хагас жил буюу 2020 онынэгдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 30-ны хооронд “Монголросцветмет”-ийн нийт өр 12.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 74.1 тэрбум болсон байна. Урт хугацааны өр төлбөр нь 11.2 тэрбум хэвээрээ, харин богино хугацааны өр төлбөр нь 50.3 тэрбум байснаа 62.9 тэрбум төгрөг болж өссөн гэсэн тооцоо гарсан. Өр нэмэгдсэн байдлыг нь харвал цалингийн өглөг 400 сая, татварын өглөг 1.5 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 247 сая, хүүний өглөг 1.1 тэрбум, ногдол ашгийн өглөг 5.2 тэрбумаар өсчээ.