alim.mn | 2024.12.25
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар зөвөлгөөний тал цагт нь нэг сая төгрөгөөр дуучид дуулуулжээ

Өнгөрсөн оны 9-р сарын сүүлээр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар иргэдийг угаарын хийн хордлогын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Зөвлөмжийг дагая-Зөв хийе” гэдэг зөвлөгөөнийг 25 орчим сая төгрөгөөр зохион байгуулжээ. Уг зөвлөгөөнд нийслэлийн зургаан дүүргийн орон тооны бус ажилтнууд оролцсон байна. “Улаанбаатар палас”-ын заалыг 6,5 сая төгрөгөөр түрээслэж хийсэн гэхээр нэлээд нүсэр арга хэмжээ болжээ. Орон тооны бус ажилтнуудад тараах хэвлэмэл материал, гарын авлага зэрэгт 16 гаруй сая төгрөг нь явжээ. Дээрхи сая саяар тоологдох зардлууд дунд “тоон дунд үсэг цохиж явна” гэгчээр дуучид уран бүтээлчидэд нэг сая гаруй төгрөгийг зарцуулсан задаргаа харагдаж байна. Задаргаанаас үзэхэд урлагийнхан нэг цаг тоглоод тохиролцсон хөлсөө авчээ. “Улаанбаатар палас”-ын заалыг хоёр цагаар түрээслэсэн агаад нэг цагт нь дуучин уран бүтээлчид дуулж хуурдсан байна. Үүнээс харахад зөвлөгөөн гэхээсээ илүүтэйгээр орон тооны бус ажилтнуудаа цэнгүүлж наадуулсан бололтой. Иргэд угаарын хийнд хорддог нь ноцтой асуудал болоод байгаа. Гэтэл энэ талаар олон нийтэд сурталчилан таниулах ажлын зөвлөгөөний иймэрхүү дуулж хуурдсан байдлаар өнгөрчээ. Дуучид уран бүтээлчид гэх нөхдөд төлж буй мөнгөөрөө урьдчилан сэргийлэх зөвлөмж нэмж хэвлүүлээд иргэдэд тараасан бол зөвлөгөөний зорилгод илүү нийцэх байлаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ