Ширээн дээр нь адуу янцгаадаг гэх аймгийн алдарт уяач, гишүүн асан Р.Буд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ыг 2016 оноос хойш тасралтгүй удирдаж байна. Моринд хорхойтойн хувьд төвөө адуутай болгоход зүтгэсэн биз. Гэхдээ “Зам тээврийн хөгжлийн төв”-ийн морьд даргынхаа адуун сүрэгт янцгаадаг байж магадгүй аж. Тус төв нь нийлээд 900 мянган төгрөгөөр үнэлэгдэх хээр , хар зүсмийн таван адуугаа 2019 оны 5-р сард акталжээ. Актлахдаа хаа холын Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн үйлчилгээний газрын тодорхойлолтыг үндэслэсэн байна. Энэ аймаг нь дарга Р.Будын төрсөн нутаг, морьд нь бэлчидэг нутаг. Тэгэхээр төвийн адуу даргынхаа морьдтой холилдчихсон байж магадгүй нөхцөл байдал харагдаж байна. “Зам тээврийн хөгжлийн төв” албаны баримтаар адуутай ч ашиг шимийг нь хүртдэг эсэх нь тодорхойгүй. Тэгээд ч хаа холын зүүн аймагт юу хийгээд байлгаад байдаг нь сонирхолтой. Алба амь нь ялгагдахгүй энэ явдал олон жил үргэлжилсэн байж магадгүй байна.