alim.mn | 2024.12.22
20 аж ахуйн нэгжид 4 тэрбумын хүүгүй зээл олгожээ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас баталсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Мөн өчигдөр, уржигдар албан байгууллагад нь үзлэг нэгжлэг хийсэн гэнэ.

Тэд хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсоныг нэрээ хэлэхийг хүсээгүй, удирдлагад нь ажилладаг ажилтнууд хэлж байна. “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан байдаг. Үүний дагуу Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Уг ажлын хэсгийнхэн шаардлага хангасан хэмээн 6-7 иргэн, 20 орчим аж ахуйн нэгжийг шалгаруулан сайд Н.Номтойбаяраар тушаал батлуулан нэгж төслийн төсвийг 200 сая төгрөг байхаар тооцож, дөрвөн тэрбум төгрөгийн зээл хүүгүй олгосон. Харамсалтай нь дээрх ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж байгаагүй. Ажлын хэсэгт багтсан манай зарим ажилтан санаа нь зовж, нэг бус төслийнх нь бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалзсан ч дарга нар “Санаа зоволтгүй, яамнаас шийдвэртэй учир шууд гарын үсгээ зур” хэмээн тулган шаардаж зуруулж байсан гэдэг. Энэ талаараа мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн хэмээн манайхны дунд яриа бий” хэмээлээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий 20 аж ахуйн нэгжийн болон иргэдийн төслийн нэрийг бичиж, хурал зохион байгуулсан мэтээр тэмдэглэл зохион бичээд гишүүдээрээ гарын үсэг зуруулан тус бүр 200 сая төгрөгийн хүүгүй зээл өгсөн бололтой.

Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталсан. Энэхүү журмын  5.3 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг байх” ёстой.

Гэтэл ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар уг заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл олгосон нь хангалттай нотлогдож буй ажээ. Тиймээс тэднийг өнгөрсөн лхагва гаргаас эхлэн ажлаас нь түдгэлзүүлж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ