Төрийн байгууллагууд хийхээсээ илүүтэйгээр хийсэн багахан ажлаа сурталчилахад илүү анхаардаг болсоныг энэ баримт харуулж байна. 2019 оны 8-р сард хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн тэргүүлдэг Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрэээнд Их сургуулийн гудамж, Саппорогийн буудалд гацуур мод тариулжээ. Их сургуулийн гудамжинд долоо, Саппорогийн автобусны буудалд ес, Хонхтой цэцэрлэгт 18 ширхэг гээд нийтдээ 53 гацуур тарьжээ. Үүнд 12,5 сая төгрөг зарцуулсан байна. Гэтэл дарга нар нэгэнт тарьсан гацуураа арчилах хамгаалахад бус харин мод тарьсанаа сурталчилахад илүүтэй анхаарсан нь хэвлэл мэдээлэлд хоёр сая төгрөг зарсанаас харагдаж байна. Хоёр сая төгрөг нь их хөрөнгө. Их сургуулийн гудамжинд гацуур тарихад 2,1 сая төгрөгийг зарцуулсанаас үзэхэд энэ мөнгөөр ахинд 7-8 гацуур тарихад хүрэлцэх байжээ. Гэтэл ажил хийснээ сурталчилах гээд хэвлэл мэдээлэлд үрээд дуусгасан нь харамсалтай. Тэгээд ч 50 гаруйхан гацуур тарьсан нь зарлаж тунхаглаад байх их ажил биш баймаар. Хот даяар 500 гацуур тарьсан бол өөрсдийгөө ажил хийсэн хэмээн сурталчилж болно.