Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд дөрвөн эмэгтэй сайд ажиллахаар боллоо. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж түүхэндээ анх удаа дөрвөн эмэгтэй гишүүн томилсон бол үүнээс гурван сайдыг шинээр Засгийн газарт оруулж ирлээ.
Засгийн газрын танхим үе үеийн төлөөллийг хангасан ялангуяа жендэрийн харьцааг хангасан байх нь Монголын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа талаар эрдэмтэн судлаачид санал бодлоо илэрхийлсээр ирсэн.
Гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүд маш сайн ажиллаж байгаа, өрхийн түвшинд ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч байгаа гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг мөртлөө шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн засаглал ноёрхсоор байна. Хүн амынх нь 50-иас илүү хувь эмэгтэйчүүд байтал ард түмний төлөөллийн байгууллага УИХ-д эмэгтэйчүүдийн нэр дэвших квот 25 хувь. Харин Засгийн гишүүдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квот бий.
Ямартай ч шинэ Засгийн газар эмэгтэй гишүүдийн квотыг биелүүллээ. Харин МАН-аас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд шинэ Засгийн газрын гишүүдийн 30-аас доошгүй хувь буюу 5 гишүүнийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэх саналыг намынхаа дарга У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлсэн нь ийнхүү шийдлээ олох шиг боллоо.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ
Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Б.Батцэцэг салбараа толгойлохоор боллоо. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт хүч үзсэн ч гишүүн болж чадаагүй. Шинэ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байсан. Гэвч Гадаад харилцааны дэд сайд сайд болон дэвшсэн тул түүнийг орлох хүнийг томилохоор болж байна.
БОЛОВСРОЛ:
- МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль,
- Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль ,
- Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
- 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
- 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
- 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
- 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
- 2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байна
УДАМ ДАМЖСАН СТАТИСТИКЧ А.АРИУНЗАЯА
Удам дамжсан статистикч сайд А.Ариунзаяа улиран томилогдлоо. Тэрбээр улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5.
БОЛОВСРОЛ
- 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль
- 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль,
- 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж
- 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль
- 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер
- 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан
- 2016-2020 онд хүртэл Үндэсний Статистикийн хорооны дарга
- 2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна.
МОНГОЛ HD ТЕЛЕВИЗЭЭР ОЛОНД ТАНИГДСАН Ч.НОМИН
Ч.Номин захиралын ажлын анхны гараагаа байгалийн цогцолбор газар болох 5 одтой Тэрэлж буудлаас эхэлж байжээ. 2011 оноос хойш Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байна. Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, сүүлийн хоёр жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийж яваа. 2013 онд Ч.Номинг телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр нэрлэсэн.
БОЛОВСРОЛ
- Нийслэлийн 45 дугаар дунд сургууль
- Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг
- Харвардын их сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал
- 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер
- 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.
СЭТГҮҮЛЧ САЙД НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах дөрвөн эмэгтэй сайдын нэг нь Н.Уртнасан. Тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг удирдахаар болоод байна.
БОЛОВСРОЛ:
- 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
- 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүй
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
- 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
- 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал,
- 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
- 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирал