Энэ аймгийн 2019 оны шилдэг бүтээн байгуулалтаар үйлдвэр, барилга бус харин хаалга тодорчээ. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр олны нийтийн шүүмжлэлд өртөөд байсан угтах үдэх хаалгаа оны шилдэг гэж өргөмжилсөн байна. 700 гаруй сая төгрөгний өртөгтэй гэх уг хаалгыг “Даян-Байгаль” гэх аймгийн барилгын компани барьсан. Хаалга баригдах үеэсээ эхлэн олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд өртөж цахим ерөнцөд өргөнөөр хэлэлцэгдсэн. Гэсэн ч өмнөх Засаг дарга Д.Наранбаатар нар "Олон хүмүүс хэлдэг байсан. Танай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг. Аймаг руу орж ирэхэд ямар газар ирж байгаа нь мэдэгдэхгүй юм, харанхуй хот юм гэж. Тиймээс өөдлөх айл үүднээсээ гэдэг, үүд хаалгаа тохижуулж, хотоо гэрэл гэгээтэй болгоё гэсэн санаагаар энэ жил эдгээр ажлуудыг хийнэ" хэмээн зүтгэсээр байгаад барьсан. Хөдөө орон нутаг тэр тусмаа Өмнөговь аймагт шийдэх ёстой нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудал хөрөнгө мөнгөний гачаалд орон зогсож байдаг. Гэтэл ганцхан хаалганд төсвийн маш их хөрөнгийг зарсан. Иргэд аймаг, сумдад үнэтэй угтах хаалга хэрэггүй хэмээн шүүмжилдэг бол Өмнөговийн дарга нар “хэрэгтэй” хэмээн үзэж ийнхүү оны шилдэгээр тодруулжээ.