Өмнөх сонгуулийн буюу 2016-2020 онд хотын хамгийн хэл амтай дүүргээр лавтай Баянзүрх шалгарна. Анхны хуралдаанаас эхлэн намаараа талцаж хэрэлдсэн төлөөлөгчид дүүргийн төлөө нэгдэж зүтгэж чадаагүй. Олон гишүүнээ эргүүлэн татах, нөхөн сонгууль явуулах шийдвэр гаргаж Засаг даргаа сольсон. Сүүлдээ хуралдаж ч чадахаа больсон тул Б.Дэмбэрэл зэргийн гишүүд цахим ертөнцөд ганцаарчилсан тоглолт хийж эхэлсэн. Гурван жил хэрэлдэж хэлцсэн төлөөлөгчид дөрөвдөх жилдээ өөрсөддөө “ярих ур чадвар” дутагдаж байгааг олж харжээ. Энэ нь ч бараг зөв “онош” байсан. Төлөөлөгчид хоорондоо хэрэлдсэн л болохоос ойлголцол зөвшилцөлд хүрч чадаагүй. Хэрэлдэх чадвар нь сайжирч зөвшилцөх чадвар нь муудсан. Ингээд сүүлийн жилдээ буюу өнгөрсөн онд 600 мянган төгрөгөөр “ярих ур чадвараа сайжруулах сургалтанд бөөнөөрөө суужээ. Уг нь эхний жилдээ л суух байсан юм. Гэсэн ч монгол хүн 60 хүрч ухаан суугаад 61-тэйдээ нүд аньдаг гэгчээр тарах жилдээ ярих ур чадвараа “дээшлүүлээд” ашгүй сонгуульт хугацаа нь дуусаж баянзүрхчүүд тэднээс салсан билээ.