Гэхдээ хохирлын мөнгийг буруутнаар нь төлүүлэх шийдвэр шүүх гаргасан. Үүний дагуу бүрлээч гишүүний бэрийн нэр дээр байдаг “Өү Ти Юү” компаниас 582 сая, “Бархаус” компаниас 90 сая, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан Ж.О, нягтлан асан Б.Ү нараас тус бүр 239 сая, бүрлээч гишүүний туслахаар ажиллаж байсан Р.Б -гаас 194 сая төгрөгийг гаргуулахаар болсон. Хэргийг дурдахад энэ 2014 он буюу Я.Санжмятавыг Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад гарсан. Сайдтан эрх шилжүүлэх тушаалаар өөрийн багцаас “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах” төслийн 1,3 тэрбум төгрөгийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлсэн байдаг. Харин хэлтсийн дарга нь нягтлан болон гишүүний туслах нартай хуйвалдаж нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүйгээр дээрхи нэр бүхий хоёр компанид төсвийн санхжүүжилт олгосон дүр зураг харагддаг. “Өү Ти Юү” компаний 25 хувийг гишүүний туслах эзэмшдэг гэхээр нэлээд өндөр түвшний “ажиллагаа” гэж ойлгогдохоор байна. Гэхдээ хэрэгт холбогдогсод өөрсдийгөө гүйцэтгэх түвшнийхэн гэж өмөөрсөн. Нягтлангийн мэдүүлснээр зохион байгуулагсад нь Хөдөлмөрийн сайд, бүрлээч гишүүн, Яамны санхүүгийн газрын дарга, Төрийн сангийн газрын дарга нар гэнэ. Ялангуяа сайдтан “энэ мөнгийг гарга” гэж дүүргийн хэлтсийн даргыг дарамталсан болж таарч байна. Нягтлан нь арга бараад сүүлдээ сайдынхаа яриаг бичиж аваад даргадаа үзүүлэн “ийм баримттай боллоо” гэхэд “сайдын өрөөнд бичлэг хийгээд төрийн дайсан болох нь уу” гээд устгуулжээ. Өдгөө өндөр төлбөрт унасан тул бичлэгээ устгасан нь алдаа болсон бололтой. Дарга асангийн хэлсэнээр угаасаа хэлтсээр нь орж ирэхгүй ёсгүй мөнгө байсан гэнэ. Харин экс сайдтан “би хэлтсийн дарга, бүрлээч гишүүн, туслах нарыг байлцуулж байгаад гишүүний тойрогтоо хийх ажилд нь тусал, хуулийн дагуу хий гэсэн үүрэг өгсөн, нэр цохож тийм компанид өг гэж хэлээгүй” гэсээр гараад явжээ. Ахуйн үйлчилгээний цэг буюу халуун ус барих нь тухайн үед Баянзүрх дүүргээс сонгогдсон АН-ын гишүүдийн тойрогтоо хийх “ажлын” нэг байсан. Хажуугаар нь Ж.Батзандан гишүүн ч өөрийн хэсэгтээ бариулаад авсан. Нийтдээ зургаан халуус уснаас гадна ахуйн үйлчилгээний төв баригдсан. Энэ ажиллагаанд “Бархаус” компани хэрхэн “нэгдсэн” нь тодорхойгүй ч “Өү Ти Юу” компаний хувь эзэмшигч болох гишүүний туслах нь “төсөл хөтөлбөр хөөцөлдөх” нэрээр Хөдөлмөрийн хэлтэс дээр байнга ирдэг байжээ. Ирээд даргатай нь хамт гараад явдаг. Нэлээд удсаны дараа “сайдад баахан загнууллаа” гэсээр ирдэг байжээ. 2014 оны наадмын өмнө хэлтэс дээр төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж хуралджээ. Даргын ажлын хэсэгт танилцуулснаар гишүүний тэрбум төгрөг орж ирсэн агаад халуун усны цэг байгуулахаар шийдсэн, сайд яаралтай эхлүүл гэсэн гэжээ. Наадмын өмнөхөн тул хам хуралдаад таржээ. Дараа нь хурлын протоколд нөхөж гарын үсэг зуруулсан агаад цөөнгүй гишүүдийн гарын үсгийг дуурайлгаж зурсан нь тогтоогдсон. “Өү Ти Юу” компаний ахуйн үйлчилгээний төв, халуун ус барих ажлыг гишүүний туслах нөхрийн хамт гардан хийжээ. Уг нь гайгүйхэн хийчихсэн бол хэл ам гарч хэрэг хүндрэхгүй байсан ч үнэндээ баллаад хаяжээ. Зоорьтойгоо нийлээд дөрвөн давхар төвийн барилгын зургийг нэг сарын дотор хийлгээд зохих журмын дагуу “Барилгын хөгжлийн төв”-ийн экспертизээр батлуулж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр “өөрсдөө зохицуулах”-аар дайрчээ. Ийнхүү анхнаасаа шат шатны зөвшөөрөл авалгүйгээр ахуйн аргаар маш хямд барьсан барилгыг улсын комисс хүлээн авах ямар ч боломжгүй гэж үзсэн. Ингээд асуудал дэгдсэн. Сүүлд нь бүрлээч гишүүн энэ байдлыг залруулах гэж зураг хийсэн компаниас “Экспертизээр батлуулах гэсэн юм, барилгын иж бүрэн зургаа файл хэлбэрээр өгөөч” хэмээн гуйж явжээ. Хоёр компанийхан засмал зам дагуух том хашаатай айлын заримых нь газрыг худалдаж авах, заримтай нь аман тохироогоор орж халуун ус барьж эхэлсэн. Ямар ч гэрээгүйгээр айлын хашаанд барилгын ажил эхлүүлсэн тул өдгөө газрын маргаантай. Хашаандаа халуун ус бариулж буй иргэд маш муу материалаар, чанаргүй барьж байгааг гишүүний туслахад олонтаа хэлсэн ч тоосонгүй. Шувуун бус хавтгай дээвэртэй тул ус гоождог, халуун усны газарт таардаггүй гэсээр байхад модон хаалга суулгасан, төхөөрөмж нь чанар муутай, халаалт нь цахилгаанаар ажилладаг тул тог их иддэг гээд бөөн дутагдал гарч ирсэн. Ажиллуулсан иргэд цахилгааны мөнгө нь сая гарахад халшраад больжээ. Тийн атал гишүүний ажлын албанаас утасдаж ажиллуулахыг шаардсаар байжээ. “Бархаус” компани ч мөн адил батлагдсан зургаар бус гараар зурсан зургаар бариулсан. Нэг халуун усанд 90 сая төгрөг батлагдсан атал тус компани 70 гаруй саяар хоёрыг бариулсан аж. Мөн хоёр компанид гүйцэтгэлийн дагуу санхүүжилт олгох атал нэхэмжлэлээр мөнгө өгч байсан. Ийм нэгэн хэрэг одоо шийдэгдээд дуусжээ. Хэрэг хэрэгсэхгүй болсон тул холбогдогчид ял аваагүй ч маш том хэмжээний өр төлбөрт унаад байна.