alim.mn | 2024.12.26
Экс Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй гэрээ байгуулсан “баяраар” сумд, агентлагийн дарга нар 300 таваг хоол идэж 200 аяга цай уужээ

Манай төрийнхөн хэзээнээс идэж уухдаа сайн байсан. Энэ нь мөнгө хөрөнгө идэж ашиглахаас гадна аливаа арга хэмжээг далимдуулан ходоодоо баярлуулахдаа ч гаргууд. Дундговь аймгийн экс Засаг дарга О.Бат-Эрдэнэ сумдын Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулах үед идэх гэдгийг утгаар нь үзүүлсэн байна. Тэд нийтдээ 300 гаруй таваг хоол идэж, 200 орчим аяга сүүтэй цай уужээ. Дарга нар гэрээ байгуулах гэж биш харин идэж уух гэж цугласан мэт л байжээ. Энэ арга хэмжээнд нийтдээ 2,5 сая төгрөг зарцуулсан нь төсөв мөнгө багатай, ядмагхан аймгийн хувьд том мөнгө юм. Сумдын Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нар ногоотой шөл гэхэд л 29, котлет 30 тавгийг “цохижээ”. Үүн дээр 19 таваг өндөгтэй хуурга, мөн төдийн орчим нарийн хуургыг нэмсэн. Мэдээж цуйвангаа мартсангүй. 18 тавгийг иджээ. Энэ бүх хоолыг 75 аяга сүүтэй цайгаар даруулсан байна. Үүнээс цаашаа шарсан хавирга, өндөгтэй хуурга гээд тоогоо алдсан. Хоолны дээж нь говийн хорхог гэгдэх жимбий байжээ. Дарга нар үүнээс 22 тавгийг зооглосон байна. Сүүтэй цай ахиад 116 аягыг уужээ. Хоормог жүүс ч сав саваар нь залгилжээ. Ийнхүү дарга нар нуур далай шиг их хоол ундааг нэг амьсгаагаар ходоодондоо хийгээд 2020 онд идэвхитэй сайн ажиллана хэмээн таран оджээ. Гэхдээ тэд гэрээгээ биелүүлсэн болов уу даа ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.126.90.12
Ямар их өлсөж явдаг юм.Эхнэр хүүхдүүд н хоолыг н хийж өгөхөд яана даа
Төстэй мэдээ