Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зарласан 400 сая төгрөгний амны хаалтын хоёрхон хоногийн хугацаат сонгон шалгаруулалт шуугиан тарилаа. Цар тахлын дэгдэгдэлийн үед эмнэлгийн байгууллагууд онцгой нөхцөл байдал хэмээн зохих журмын дагуу сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд гэрээлэх, шууд худалдан авах нь хавтгайрсан. Үүний жишээг экс сайд Т.Мөнхсайханы үеийн улсын 2-р эмнэлгээс харж болно. Тэрээр шийдвэр гарган “дэлхий дахинд коронавирусны халдвар огцом нэмэгдэж байгаа учир” хэмээн 2020 оны 1-р сард “Мөнхийн тун” компаниас 10,5 сая төгрөгийн амны хаалт шууд худалдан авах гэрээг байгуулжээ. 2-р сарын 11-нд “Соёмбот Өргөө” компаниас N95 маскыг нэг бүрийг нь 2970 төгрөгөөр 2200 ширхэгийг нийт 6,5 сая төгрөгөөр шууд худалдан авсан байна. Сарын дараа мөн л “Мөнхийн тун” компаниас 17 сая төгрөгний энгийн маск худалдан авсан. Мөн “Даваацэцэн” компаниас N95 маскыг нэг бүрийг нь 3850 төгрөгөөр 300 ширхэгийг нийт 1,1 сая төгрөгөөр шууд худалдан авчээ. Үүнээс харахад амны хаалтыг голдуу “Мөнхийн тун” компаниас худалдан авсан байна.