Сербид “оросын тагнуулын” шуугиан дэгджээ. Хэд хоногийн өмнө «Kdjuey Lskduf» гэдэг нэртэй хэрэглэгч YouTube –д “Оросын тагнуулыын ажилтан серби тагнуулдаа мөнгө өгч байна” гэсэн нэртэй бичлэг оруулсан. Уг бичлэгт Сербид суух Оросын элчингийн цэргийн атташегийн туслах хурандаа Георгий Викторович Клебан нь Сербийн нэгэн өндөр дээд тушаалын түшмэлд цүнх өгч байгаа нь гарчээ. Серби түшмэл машиндаа суугаад авсан цүнхнээсээ боодолтой 500 еврогийн дэвсгэртүүд гаргаж ирж тоолоод буцааж хийдэг. Бичлэг цацагдсаны дараа Сербийн ерөнхийлөгч Вучич хэрэг явдалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж тусгай албандаа “хэргийн учрыг олохыг” тушаажээ. Сербийн БХЯ-ны сайд нь цэргийн тагнуулын газрын даргадаа мөн ерөнхийлөгчийн тушаалыг дамжуулсан байна. Харин Оросын ГХЯ мэдэгдэл гаргаж “өдөөн хатгалга” гэж нэрлээд цэргийн атташегийн туслахаа маш хурдан эргүүлэн татжээ. Мөн Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Орос Серби хоёр нь ахдүүгийн, сайн түншийн бас холбоотны харилцаатай, энэ харилцааг юу ч сэвтүүлж чадахгүй” хэмээн сербүүдийг аргадсан. Гэхдээ Сербийн ерөнхийлөгчийн ирэх сарын эхээр Москвад хийх айлчлал хойшлогдож магадгүй болжээ.