
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын Улс төрийн зөвлөл шийдвэр гаргаж намын бүлэгтээ тодорхой чиглэлээр улс төрийн үйл ажиллагаа явуулах үүрэг өгсөн. Тиймээс манай намын бүлэг чуулганы хуралдаанд суухгүй бүлгээ хуралдуулна. Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг дагахгүй гишүүн байвал үлдэж болно" гэв. Ингээд АН-ын бүлгийн бүх гишүүд чуулганы танхимыг орхин гарлаа.
Өнгөрсөн даваа гаригт Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс дараах шийдвэрийг гаргасан юм.
1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улстөрчдийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг, хууль, шуухийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл нь үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ыг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тавигдана.
2. МАН албан ёсны даргатай болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч үүний улмаас парламентаар хэлэлцэн батлах ёстой ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох аюул тулгарлаа. Иймд дээрх зөрчил нэг мөр шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан Монгол Усын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна.
Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуулийн хугацаанд тасралтгүй эрх барьж байгаа ч ард түмний ахуй амьдралыг өөд татаж чадаагүй МАН-аас Монгол Улсад бий болгосон өнөөгийн төрийн хямралаа нэн даруй шийдвэрлэж хуульт ёс, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх алхмуудыг хэрэгжүүлэх хүртэл төсвийн хэлэлцүүлэг болон УИХ-ын бусад уйл ажиллагаанд оролцохгүй байх, цаашид парламентын засаглалаа хамгаалж бэхжүүлэн Засгийн газарт хяналт тавьж хариуцлага тооцож ажиллахыг Улс төрийн зөвлөлөөс АН-ын намын дарга Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлэгт чиглэл болгож байна.