Тэрээр дэлхийд алдаршсан рок дуучнаас гадна өгөөмөр сэтгэлт нэгэн. Бүр 2006 онд өлсгөлөн, ядууралтай тэмцэх зорилготой “The Jon Bon Jovi Soul Foundation” гэдэг ТББ байгуулсан. Энэ байгууллага нь зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй үйлчилдэг “JBJ Soul Kitchen” гэдэг хоёр ч зоогийн газар ажиллуулж байна. Анхны ийм зоогийн газраа 2011 онд Нью-Жерси мужийн Рэд Бэнк хотод нээжээ. Хоёрдахийг нь 2016 онд мөн мужийн Томс Ривэр хотод байгуулсан. Энэ хотынхон 2012 онд дайран өнгөрсөн “Сэнди” хар сэлхинд ихээхэн хохирсон аж. Алдарт дуучны өгүүлсэнээр хоёр зоогийн газар нь эмзэг бүлгийн иргэдийн хүнс тэжээлийн дутагдлыг арилгах нэг арга хэлбэр гэнэ. Зоогийн газрых нь цэсэнд үнэ байдаггүй. Мөнгөтэй хүн ирээд хоол захиалж идээд төлбөрийн оронд ядуусыг дэмжих санд 20 доллар хандивлаад явж болно. Мөн мөнгөгүй хүн ч ирээд хоол идэж болдог. Гэхдээ төлбөрд нь зоогийн газарт эсвэл буяны байгууллагад сайн дурын ажил хийх зэргээр олон боломж гаргаж өгдөг. Дуучин ч өөрөө сард 2-3 удаа зоогийн газартаа бүтэн өдрийн сайн дурын ажил хийдэг. Энд урьдчилж ширээ захиална гэж байдаггүй. Түрүүлж ирсэнд нь эхэлж үйлчилдэг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давуу эрх өгдөг. Хоол нь төдийлөн олон төрлийх биш, үндсэн гурван хоолтой. Хоолын бүх ногоог зоогийн газар өөрийн цэцэрлэг, хүлэмжээсээ хангадаг. Үнэ төлбөргүй хоолоор үйлчилдэг хоёр зоогийн газар нь нээгдсэн цагаасаа хойш зохих иргэдэд нийтдээ 106 мянган порц хоолоор үйлчилсэн байна. Эдгээр бүх хоолны зардлын 54 хувийг “The Jon Bon Jovi Soul Foundation гаргасан бол үлдсэн хувийг нь хандивлагчдын мөнгөнөөс төлсөн гэнэ.